ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИД ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ГАРДУУЛЛАА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд “Хамт хөгжье” уриалга, “Алба хаагчийн эрх ашиг, эрүүл мэнд”-ийг хамгаалах зорилтын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэгдсэн иж бүрэн тоноглол бүхий эмнэлгийн автомашиныг Дотоодын цэргийн 05 дугаар ангид шийдвэрлэснийг өнөөдөр (2025.04.09) Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж гардуулан өглөө.
Энэхүү автомашин нь зөөврийн амьсгалын аппарат, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, даралт хэмжих болон хүчилтөрөгчийн аппарат, төрөл бүрийн багаж төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон автомашин бөгөөд Дотоодын цэргийн алба хаагчид болон хугацаат цэргийн алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дараагийн шатны эмнэлэгт стандартын дагуу тээвэрлэн хүргэх нөхцөл бүрдэх юм.
Дотоодын цэргийн штабын даргаас цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх бэлэн байдлыг хангах шаардлагатайг онцлон тэмдэглээд, ажилд нь амжилт хүсч, Алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөлийг дэвшүүллээ.