“УУРААР БУС УХААЛГААР-2” ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гэрээт Дотоодын цэргийн 816 дугаар анги, Гамшгаас хамгаалах штаб хамтран зохион байгуулж буй “Уураар бус ухаалгаар-2” тусгай арга хэмжээний нээлтийг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 15:00-16:30 цагийн хооронд Соёл, урлагийн цогцолборын их танхимд зохион байгууллаа.



Тус арга хэмжээ нь үйлдвэрийн газрын ажилтан, алба хаагчдыг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, аливаа маргаан, үл ойлголцлыг уур бухимдлаар бус зөв харилцаа, хууль ёсны арга замаар шийдвэрлэх хандлагыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд 2026 оныг дуустал хэрэгжихээр төлөвлөгдсөн.
Нээлтийн арга хэмжээнд Орхон аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхдалай, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болортунгалаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, хэсгийн удирдлагууд, ажилтан, алба хаагчид оролцсон бөгөөд нийт 300 орчим ажилтан хамрагдсан байна.
Арга хэмжээний үеэр Дотоодын цэргийн 816 дугаар ангиас бэлтгэн боловсруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулга бүхий 8 төрлийн 420 ширхэг гарын авлага, сэрэмжлүүлэг материалыг тараан хүргэлээ.
Мөн Орхон аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэг, зөрчил шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Алтантогтох, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Орхон аймаг дахь салбарын ахлах шинжээч-эмч, цагдаагийн хошууч Ч.Буянзаяа нар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж, оролцогчдод хууль, эрх зүйн мэдлэг олголоо.