ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНААС ТҮР ЧӨЛӨӨЛӨХ
ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНААС ТҮР ЧӨЛӨӨЛӨХ
Цэргийн жинхэнэ алба хааж байгаа байлдагч, түрүүчийг хугацаат цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх, халах асуудлыг Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу зохицуулна.
Байлдагч, түрүүчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө цэргийн жинхэнэ албанаас түр чөлөөлж болно.
Хугацаанаас өмнө түр чөлөөлөх асуудлыг нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолт, цэргийн эмнэлгийн магадлагаа, шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэрлэнэ.
Ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө цэргийн албанаас чөлөөлөхөд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
-Ар гэрийн гачигдал, аргагүй байдлыг өгүүлсэн өргөдөл
-Баг, хорооны (даргын) тодорхойлолт
-Өвчилсөн бол түүнийг батлах эмнэлгийн комиссын шийдвэр
-Тухайн орон нутгийн цэргийн штабын албан бичиг зэргийг үндэслэн Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар шийдвэрлэнэ.
ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ЧӨЛӨӨ ОЛГОХ
Байлдагч, түрүүч нь чөлөөгөөр явах хүсэлтээ шууд захирах даргадаа гаргана.
Албаа үлгэр жишээчээр хааж байгаа, албанд амжилт гаргасан байлдагч, түрүүчийг Цэргийн сахилгын дүрэмд заасан эрх бүхий алба хаагч түр болон орон нутгийн чөлөөгөөр шагнана.
Байлдагч, түрүүчийн ар гэр, ахуй амьдралд тохиолдсон гачигдалтай байдлыг харгалзан түр цагийн болон орон нутгийн чөлөө олгоно.
Түр цагийн чөлөөг 24 цаг хүртэл хугацаагаар олгох эрхийг ротын захирагч, 72 цаг хүртэл хугацаагаар олгох эрхийг ангийн захирагч, штабын дарга эдэлнэ. Ротын захирагч чөлөө олгож байгаа байдалд ангийн штабын дарга биечлэн хяналт тавина.
Орон нутгийн чөлөөг Дотоодын цэргийн командлагч, штабын даргын шийдвэрээр олгоно.
Байлдагч, түрүүч нь чөлөөний хуудсыг биедээ авч явна.
(Ар гэрийн гачигдлаар олгох орон нутгийн түр чөлөөг аймаг нийслэл, дүүргийн цэргийн штаб, орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа зэргийг үндэслэн Дотоодын цэргийн штаб шийдвэрлэнэ)
Ар гэрийн гачигдалд: Хугацаат цэргийн алба хаагчийн анкетад тусгагдсан төрсөн ба үрчлэн авсан эцэг, эх, гар дээр нь өсөж бойжсон өвөг эцэг, эмэг эх, баталгаатай гэр бүл, хүүхэд нь хүнд өвчтэй буюу насбарсан, ар гэр нь байгалийн гамшиг, осолд нэрвэгдсэн зэрэг тохиолдлуудыг тооцно.
ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБ