Монгол улс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн тухай
Монгол улс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн тухай
Хүн төрөлхтний түүхэнд асар их гарз хохирол учруулж олон сая хүний амийг хөнөөсөн дэлхийн II дайны хөлд эвдэрч сүйдсэн эдийн засаг аж ахуйгаа сэргээн босгохын сацуу дайны гамшигт аюулыг дахин давтахгүйн тулд улс орнууд өөр хоорондын харилцаандаа шинэ дэг журам тогтоож, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ыг эмхлэн байгуулсан билээ. АНУ-ын Сан Франциско хотноо анх 51 улсын оролцоотойгоор 1945 оны 10 дугаар сарын 24-нд үүсгэсэн энэхүү байгууллагад эдүгээ түүний Дүрмийг хүлээн зөвшөөрч, баримталж ажиллахаа илэрхийлсэн дэлхийн 193 улс эдүгээ гишүүнээр нэгдэж ороод байна.
НҮБ бол түүний үндсэн болон туслах байгууллагууд, үйл ажиллагааны хөтөлбөр, сангууд, төрөлжсөн болон онцлог статустай бусад олон байгууллагаас бүрддэг. Өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны нэгэнтээ хэлснээр “хүний сэтгэн буй болгосон гайхалтай бүтэц” юм. Тэдгээр нь НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл, Эдийн засаг нийгмийн зөвлөлд ажлаа илтгэдэг, өөрсдийн төсөв, удирдах зөвлөл, үйл ажиллагааны дүрэм заавартай. Эдгээр байгууллага нийгэм-эдийн засгийн бараг бүхий л салбарт техникийн болон бусад хэлбэрийн тусламжийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг юм. НҮБ-ын үндсэн байгууллагуудын дотор тус байгууллагын нийт гишүүдээс бүрддэг Ерөнхий Ассамблей, улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг Аюулгүйн Зөвлөл, нийгэм эдийн засаг, хөгжлийн салбарт олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмждэг Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Олон улсын шүүх, Нью-Йоркд төвтэй Нарийн бичгийн дарга нарын газар, Женев, Вена, Парис, Бангкокийн салбар төвүүд онцгой байр суурь эзэлдэг.
НҮБ-д Монгол Улс элсэхийн тулд анхлан байгуулагдсан 1946 оноос эхлэн нийт 5 удаа өргөдөл гаргаж, Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар дор хаяж 13 удаа хэлэлцүүлэг хийгджээ. БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны (ГЯЯ)-ны сайд маршал Х. Чойбалсан 1946 он болон 1948 онд, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал 1955 он болон 1956 онд, ГЯЯ-ны сайд С.Аварзэд 1957 онд тус тус НҮБ-д элсэн орох өргөдлөө сэргээн өгч байв.
1961 оны аравдугаар сарын 25-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд санал нэгтэй дэмжсэн байдаг. Ерөнхий ассамблейн хурлаар БНМАУ-ын санал хураалгүй нэгэн дуугаар алга ташин баталснаар 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн орон болон бүртгэгдсэн түүхтэй.
Аравдугаар сарын 27-ны 15.00 цагт Ерөнхий ассамблей хуралдаж, ЗХУ тэргүүтэй 23 улсын төлөөлөгчийн оруулсан тогтоолын төслөөр нэгэн дуугаар алга ташин баяр хүргэж батлахад НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын протоколын дарга Монголын төлөөлөгчдийн түр ажиглагчийн байрнаас урьж, “Монгол” гэсэн хаяг бүхий суудалд урьж суулгасан. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэнээр үе үеийн эрх орончдын хүсэл мөрөөдөл, Монголоо гэх үе үеийн төрийн зүтгэлтнүүд, дипломатууд, шашны хутагтууд, жирийн иргэдийн зүтгэл тэмцэл биеллээ олсон билээ.
НҮБ-д элссэнээр тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа дэлхийн хамтын нийгэмлэгт баталгаажуулж авсан юм. Монгол Улс ингэж олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын гэрээ хэлэлцээрүүд, олон талт хамтын ажиллагаанд оролцох өргөн боломжийг нээсэн.
НҮБ-ын гишүүнээр элсэн орж, Төрийн далбаагаа мандуулах үеэр. Нью-Йорк хот, 1961 он.
- Хамтын ажиллагааны чиглэл зорилго: НҮБ –ын Дүрмийн зорилго, зарчмуудыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, байгууллагад хуримтлагдсан оюуны чадавх, мэдээллийг эдийн засаг, нийгмийнхээ хөгжилд ашиглах
- Хамтын ажиллагааны хэлбэр: НҮБ-ын Ерөнхий Ассамблей (ЕА)-н чуулгануудад оролцож, Засгийн газрынхаа бодлого, байр суурийг илэрхийлж, тэдгээрийг зохицуулах, шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах.
БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид НҮБ-ын гишүүн болсны дараа Ерөнхий ассамблейн индрээс үг хэлж буй мөч, 1961 он.
Монгол Улс дахь НҮБ нь ардчилсан засаглал, хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, улмаар дасан зохицох, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарыг хамарсан хөгжилд хувь нэмэр оруулж буй НҮБ-ын системийн 11 байгууллагаас бүрддэг. Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Тогтвортой хөгжлийн урт хугацааны баримт бичиг болох Алсын Хараа 2050-д тодорхойлсон хөгжлийн зорилгодоо хүрэхэд нь Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд дэмжлэг үзүүлж байна.
Монгол Улс нь НҮБ-ын идэвхтэй гишүүн бөгөөд нэг хүнд ногдох НҮБ-ын энхийг сахиулагчдын тоогоороо дэлхийн улс орнуудаас өндөр үзүүлэлттэй байна.
Хамтран ажиллаж буй тодорхой чиглэлүүд
Тогтвортой хөгжлийн зорилгууд нь дэлхий дахинаа ядуурлыг устгаж, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, энэ дэлхийн өнцөг булан бүрд буй хүн бүр энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжийг олгоход дуудсан уриалга юм. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь дараах Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:
- Ядуурлыг устгах
- Өлсгөлөнг устгах
- Эрүүл мэндийг дэмжих
- Чанартай боловсролыг дэмжих
- Жендерийн эрх тэгш байдлыг хангах
- Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах
- Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх
- Эдийн засгийн өсөлт, зохисгүй хөдөлмөрийг дэмжих
- Инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх
- Тэгш бус байдлыг бууруулах
- Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих
- Хариуцлагатай хэрэглээг дэмжих
- Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах
- Далай тэнгисийн нөөцийг хамгаалах
- Хуурай газрын эко системийг хамгаалах
- Энх тайван, шударга ёсыг цогцлоох
- Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулганд дээд, өндөр хэмжээнд оролцсон байдал
- 1967 - Сайд нарын Зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал
- 1992, 1995 - Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 1996 - Ерөнхий сайд Мэндсайханы Энхсайхан
- 1999 - Ерөнхий сайд Ринчиннямын Амаржаргал
- 2000 - Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
- 2001 - Ерөнхий сайд Намбарын Энхбаяр
- 2002 - Ерөнхий сайд Намбарын Энхбаяр
- 2003 - Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
- 2015- Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
- 2016- Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
- 2017- Гадаад харилцааны сайд Цэндийн Мөнх-Оргил
- 2018- Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх
- 2021- Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх /2021.09.23-нд НҮБ-ын ЕА-д үг хэлэв/.
НҮБ-ын тусгай чуулган, Нью-Йорк хот, 1967 он.
НҮБ-аас зохион явуулсан өндөр, дээд хэмжээний томоохон хурал чуулганд оролцсон байдал
- Хүрээлэн буй орчин ба хөгжлийн асуудлаарх Рио-де Жанейрогийн дээд хэмжээний уулзалт (1992 он);
- Хүн ам, хөгжлийн асуудлаар Каирын бага хурал (1994 он);
- Нийгмийн хөгжлийн асуудлаар Копенхагены дээд хэмжээний уулзалт (1995);
- Эмэгтэйчүүдийн асуудлаар дэлхий дахины IҮ бага хурал (1995)
- Хүнсний асуудлаар дээд хэмжээний уулзалт (1999)
- Хөгжлийн төлөөх санхүүжилтийн асуудлаар Монтеррейн олон улсын бага хурал (2002)
- Тогтвортой хөгжлийн асуудлаар Йоханес бургин дээд хэмжээний уулзалт (2002)
- Мэдээлэлдсэн нийгмийн асуудлаар дэлхийн дээд хэмжээний уулзалт (2003)
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД)-ын зүгээс Монгол Улсад хийсэн дээд хэмжээний айлчлал
- 1977 он -НҮБ-ын ЕНБД Курт Вальдхайм
- 1987 он -НҮБ-ын ЕНБД Перес де Куэльяр
- 2002 он -НҮБ-ын ЕНБД Кофи Аннан
- 2009 он -НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүүн
- 2022 он- НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш
НҮБ-ын Нарийн бичгийн даргын газар (НБДГ)-тай хамтран хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ
- 1995 - АНДЭЗНК-ын Удирдах бүлгийн ҮIII хуралдаан
- 1999 - Энх тайван, зэвсэг хураах асуудал эрхэлсэн Ази,
- Номхон далайн бүсийн төвийн хурал
- 2000 - Хүний аюулгүй байдлын асуудлаар олон улсын бага хурал
- 2003 - Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын 5 дугаар бага хурал, Улаанбаатар хот