Түүхэн замнал
Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялж, төрийн эрх мэдэл ард түмний гарт шилжих болсон хэдий ч тухайн үед гадаад, дотоодын үймээн самуун дарагдаж амжаагүй, улс орны байдал ээдрээтэй байсан цагийн байдлыг харгалзан 1922 онд Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Бүх цэргийн зөвлөлийн дэргэд улсын чухал албан газруудыг манаж хамгаалах, гэмт хэрэгтнүүдийг баривчлах, хоригдол ялтныг хуяглан хүргэх, цагдан харгалзах, үймээн самууныг дарахад оролцох зэрэг чиг үүрэгтэйгээр “Тусгай тасаг”-ийг анх байгуулсан нь Монгол Улсын Дотоодын цэргийн үндэс суурь болсон.
Дотоодын цэрэг нь түүхэн хөгжлийнхөө хугацаанд 1994 он хүртэл Дотоодыг хамгаалах газар, Нийгмийн аюулаас хамгаалах яамны Хилийн ба Дотоодын цэргийн удирдах газар, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын харьяанд, 1995 оноос Дотоодын цэргийн тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр штаб, мэргэжлийн анги, тусгай салбарын бүтэц, зохион байгуулалттайгаар алба-ажиллагаагаа явуулж ирсэн 100 жилийн түүхтэй, мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн цэргийн байгууллага болж хөгжсөн.