Орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ой өнөөдөр тохиож байна
Монгол улсад Орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Ардын засгийн газрын 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар цагдаагийн эрхлэх асуудлыг хэлэлцэж, “Арван тавны цагдаа”-гаас улбаатай Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулан, “Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болсон түүхтэй.
Мөн 1922 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Дотоодыг хамгаалах газрын албаны байр, гянданг хамгаалах зорилгоор Ардын журамт цэргийн нэгдүгээр морин хорооноос хувьсгалын үйл хэрэгт үнэнч шударгаар оролцож явсан 13 дайчныг сонгон авч, тусгай тасгийг анх байгуулсан нь одоогийн Монгол төрийн цэргийн ууган байгууллагын нэг болох Дотоодын цэргийн үүсэл, үндэс суурь болсон түүхтэй билээ.
Уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбарын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсээд “Цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн фронтод өөрсдийн амь нас, аюулгүй байдал, ар гэрийн амьдрал, ажлын цагийг үл хайхран өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр шөнийг үл ялган эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн Та бүхэн бол энх цагийн эгэл баатрууд мөн. Эх орон, ард түмнээ гэмт халдлага, аюул, ослоос хамгаалах, нийгэмд шударга ёсны тогтолцоог бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангах ариун үйлсийн төлөө алтан амиа зориулах тангарагтай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаараа Монголын ард түмэн, төр, засаг үргэлж бахархдаг. Цагдаагийн болон дотоод цэргийн албан хаагчдаа, тангараг өргөсөн мөрдөстнүүдээ Монголын төр хамгаалан ажиллах болно. Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өнгөрсөн нэгэн зууны түүхт ололт амжилтаа бататгаж, ирэх шинэ зуунд их үйлсээ мөнхлөх болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Түүхт ойн баярын арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Хошууч генерал Ж.Болд нээж хэлсэн үгэндээ “Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь түүхэн хөгжлийнхөө хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргээ төр, ард түмнийхээ өмнө нэр төртэй биелүүлж ирсэн баялаг түүхтэй. Бид өмнөх зууны ололт амжилтаа бататгаж, шинэ зуунд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, ахмад-дунд-залуу үеийн залгамж холбоог улам бэхжүүлж, залуу хойч үеийг сурган дадлагажуулах, уламжлал ёс, дэг жаягийг өвлүүлэхийг чухалчлан, төр, ард түмнийхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээ дахин илтгэж байна. Орчин цагийн цагдаагийн байгууллагын 101, Дотоодын цэргийн 100 жилийн хөгжлийн түүхийг хамтран бүтээлцсэн Та бүхэнд болон гэр бүлийнхэнд тань ойн баярын мэндийг дахин хүргэж, аз жаргал, эрүүл энх, хөдөлмөр бүтээлийн дээдийг хүсье” гэсэн юм.
Монгол Улсын хэмжээнд цагдаа, дотоодын цэргийн нийт 12 мянга гаруй алба хаагч ажилладаг бөгөөд арга хэмжээний үеэр нийслэлийн Цагдаагийн хүрээний байгууллагын алба хаагчдын төлөөллүүд оролцлоо. Тус арга хэмжээний үеэр цагдаа, дотоодын цэрэг, тусгай тасгийн алба хаагчдын ёслолын жагсаал, улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, шүхэрчдийн үзүүлбэр, цагдаагийн тусгай тасгийн үзүүлбэр, гардан тулааны үзүүлбэр, нохой сургуулийн үзүүлбэр, урлагийн тоглолт зохион байгууллаа.