816 дугаар анги (Орхон аймаг)
ОРХОН АЙМАГ ДАХЬ ДОТООДЫН ЦЭРГИЙН
816 ДУГААР АНГИЙН ТАНИЛЦУУЛГА
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1978 оны 223 дугаар тогтоол, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1978 оны “Харуулын батальон байгуулах тухай” 569 дүгээр тушаалаар Хилийн ба Дотоодын цэргийн 0202 дугаар ангийг анх байгуулж, Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэр /хуучин нэрээр/-ийн төв корпус, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах, үйлдвэрийн бутлах хэсэг, шатах тослох материалын агуулах, төв усан сан, Сэлэнгэ мөрнөөс татсан ус өргөх станцуудын харуул, хамгаалалтын чиг үүргийг гүйцэтгэж эхэлсэн байна.
Тус 0202 дугаар ангийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 1997 оны 156 дугаар тушаалаар Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар болгон өөрчилсөн.
Цагдаагийн албаны тухай хууль 2014 он, Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх улсын онц чухал объектын жагсаалт”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 175 дугаар тушаалаар Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарыг татан буулгаж, тус салбарын офицер, ахлагч нарыг гүйцэтгэж байсан чиг үүргийнх нь дагуу Орхон аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүнд оруулсан.
Дотоодын цэргийн тухай хууль 2017 онд дахин батлагдаж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2017 оны тушаалаар Дотоодын цэргийн 816 дугаар /гэрээт/ тусгай салбарыг дахин байгуулсан бөгөөд Засгийн газрын 2017 оны тогтоолоор баталсан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх улсын онц чухал объектын жагсаалт”-ын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах, ус хангамжийн эх үүсвэрийн гүний худаг, ус өргөх байгууламж, баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн хиймэл нуурын далан, эргэлтийн станц, цэвэрлэх байгууламжийн хэсгийн харуул хамгаалалтыг зохион байгуулж эхэлсэн.
Засгийн газрын 2023 оны тогтоолоор 2017 оны тогтоолоор баталсан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт”-д өөрчлөлт оруулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, үйлдвэрийн гадна талбай дахь тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулахыг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлж, 2023 оны тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын аюулгүй байдлыг хангах, хамгаалалтыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарыг Дотоодын цэргийн анги болгон өргөтгөн зохион байгуулах шийдвэр гарч, үйл ажиллагаагаа хэвийн зохион байгуулан ажиллаж байна.
ДОТООДЫН ЦЭРГИЙН 816 ДУГААР АНГИ