ОДОНТ ХОРООНЫ АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Ахмадын Зөвлөл нь 1989 онд байгуулагдаж, даргаар нь Лхамын Пунцаг агсан, Гомбожавын Шагдар агсан, Эрэндэндэвийн Гэндэнпил агсан, Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Дүгэрсүрэнгийн Цэгмэд нар ажиллаж байснаас 2013 оноос эхлэн бэлтгэл дэд хурандаа Гэндэнгийн Ганзориг тэргүүлэн өдгөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.
Ахмадын зөвлөлийн Тэргүүлэгч-Хэсгийн ахлагчаар Цэрэнтогтохын Энхтуяа, Өлзийсүрэнгийн Батчулуун, Гомбожавын Пүрэвсүрэн, Цэрэнхүүгийн Батбямба, Рагчаагийн Бямбажав нар ажиллаж байна. Эдгээр эрхмүүд нь ахмад настнууд болон залуу үе, анги хамт олноо гэсэн чин зүтгэлтэй, тус бүр 30-аас дээш тооны ахмад настан бүрийг хариуцан, холбоотой байж, мэдээллээр хангаж, эрхийг нь хамгаалж, өвчин зовлон, хагацал, гачигдал бүрд нь хамт байж, залуу үе, анги байгууллагаа гэсэн халуун сэтгэлээр зүтгэдэг, цэргийн дайчин анд нөхөд минь бөгөөд, цалин хөлс, төсөв мөнгөний урамшуулалгүй хүний насжилтын бүтэн үеэ ахмад настан, залуу үеийнхээ төлөө хамтран ажиллаж ирснийг 100, 101-н жилийн түүхэн хугацаанд алдаршуулан магтъя.
Тус ахмадын зөвлөл нь “Монгол улсын ахмад настны тухай” хууль ,бусад холбогдох хууль тогтоомжуудын заалтуудыг хэрэгжүүлэх, ахмад настны эрхийг хамгаалах, тэдний нийгмийн оролцоог идэвхжүүлэх, залуу үеэ халамжлан хүмүүжүүлж, үлгэр дуурайлал болох, цэрэг эх оронч үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, ахмад үеийн дайчин баатарлаг түүхэн уламжлалыг баяжуулан хөгжүүлэх, тэргүүний туршлагыг өвлүүлэх, цэрэг ард түмний холбоог бэхжүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн.
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Ахмадын зөвлөл нь “Цагдаа, Дотоодын цэргийн ахмадын хороо”-ны бүтцэд багтаж, Монгол улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, соёл, шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, спортын байгууллагууд, Грентологийн төв, Монголын Ахмадын холбоо болон бусад ахмадын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож ажилладаг.
Одонт хороо ахмадын зөвлөлд 2024 оны нэгдүгээр сарын байдлаар 187 ахмад настан бүртгэлтэйгээс хамгийн ахмад настай нь Сангидоржийн Цэвэлдолгор 91 настай, хамгийн залуу нь Баярхүүгийн Эрдэнэчулуун (бага наснаасаа хөгжмийн сурагчаар цэргийн байгууллагад ажиллаж эхэлсэн) 39 настай юм.
Ахмадын зөвлөл нь жил бүр хийх ажлын төлөвлөгөөг байгууллагын даргаар батлуулж, тайлангаа Ахмадын зөвлөлийн нийтийн хурал, Цагдаа, Дотоодын цэргийн ахмадын хорооны дарга болон ангийн захирагчид тайлагнаж, цаг үеийн мэдээллүүдийг тухай бүр нь “Одонт Хороо Ахмадын Зөвлөл” facebook ” бүлэгт нийтэлж ирсэн билээ. Онцлог ажлуудаас дурдвал:
- Ахмад настны цахим үнэмлэх-бүртгэл хяналтын системд шилжин орж байна.
- “Цагдаа, Дотоодын цэргийн ахмадын хороо”-ны дэмжлэгээр 2022 оны 9 дүгээр сараас эхлэн “Ахмадын сан”-г албан ёсоор ашиглаж эхэлсэн.
- Жил бүр Одонт хороо Ахмадын зөвлөлийн нэрэмжит “Тэргүүний офицер”, “Тэргүүний ахлагч”, “Тэргүүний энгийн ажилтан”, “Тэргүүний түрүүч”, “Тэргүүний байлдагч”, нарыг шалгаруулан 13 дахь жилдээ шагнаж урамшуулаад байна.
- 2008 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 05 дугаар анги, “Одонт СӨХ”-ийн байрлалын гадаад, дотоод орчныг моджуулах, зүлэгжүүлэх, тохижуулах, ногоон орчныг бий болгоход 22 дугаар хороо, 05 дугаар ангийн удирдлага, хамт олон, “Одонт СӨХ”-ийн оршин суугчидтай хамтран идэвхитэй ажиллаж ирсний үр дүнд эко ногоон, тохижилттой орчныг бүрдүүлсэн.
- Энэ ажилд манай ахмад настнуудын олон удаагийн сэтгэл зүтгэл, хөдөлмөр,тэдний тарьж ургуулсан улиас, нарс, шар хуайс, гоёлын модны суулгацууд, цэцгийн мандал, тухлан суух сүүдрэвч, үнэ төлбөргүй тээвэрлэж, нийлүүлсэн олон арван куб.метр хар шороо, элс хайрга, эд материалууд багтана.
Тухайлбал: Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Ахмадын зөвлөлийн 2020 оны эхний хагас жилийн ажлын тайлан”-д
Байгууллагын орчныг тохижуулах, явган хүний зам тавих, зүлэгжүүлэх ажилд ахмад настнууд доорх ажлуудыг хийсэн. Үүнд:
- 60 метр куб 0.20-ийн үйлдвэрийн угаасан хайрга
- 20 метр куб 0.10-ийн үйлдвэрийн угаасан хайрга
- 60 метр куб хар шороо нийт 2.800.000 төгрөгийн үнэ бүхий материалыг үнэ төлбөргүй нийлүүлж тээвэрлэн авчирлаа. Ахмад настан Сономын Лхагвасүрэн 300 мк талбайд зүлэг мод услалтын системийг санаачлан хийж гүйцэтгэсэн билээ.
- Жил бүр 70, 80, 90, насны тэгш ой тохиож байгаа ахмад настнуудад тусгайлан хүндэтгэл үзүүлж алдаршуулдаг.
- Эмч нарын зөвөлөгөөний шийдвэрээр хүнд өвчин тусаж эмнэлгээр болон гэрээр эмчийн хяналтанд, сахиуртай буюу эрүүл мэндийн 4, 5 дугаар бүлэгт хамаарах ахмад настнуудад буцалтгүй мөнгөн тусламж (375.000₮, өмнө нь 100.000₮ байсан) олгож байгаа.
- Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2017 оны А/248 “947. Ахмадын байгууллага, ахмад настны талаар авах арга хэмжээ” тушаалын 947.6.1.в заалтыг үндэслэн ахмад настан (нөхөр буюу эхнэр) нас барахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгөн тусламжийг олгож байна.
- Жанжин Д. Сүхбаатарын нэрэмжит ангийн хувьд цэрэг эх оронч үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Жанжин Д. Сүхбаатарын амьдрал, үйл ажиллагаа, анги байгууллагаа сурталчлах зорилгоор СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 106, 122 дугаар дунд сургуулийн хамт олонд жил бүр сурталчилгаа, соёл хүмүүжлийн ажил зохион байгуулж хэвшлээ.
- 2022, 2023 онд Дотоодын цэргийн хэмжээнд зохион байгуулдаг болж өргөжсөн “Одонт Хороо ахмадын зөвлөл”-ийн нэрэмжит “Жанжин Сүх шиг хийцгээе” цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг 14 дэх жилдээ ивээн тэтгэж зохион байгуулж байна.
- 05 дугаар ангийн снүүкэр биллиардын аварга шалгаруулах тэмцээнийг залуучууд, ахмад настан гэсэн ангиллаар нийт зургаан удаа ивээн тэтгэж, зохион байгуулж явуулсан ба ковид-19 цар тахлын үеэс эхлэн 4 жил тасарсныг цаашид үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж байна.
- Дотоодын цэргийн түүхт 100, 101 жилийн ойг угтаж “Ахмад настны дэмжлэг-хандивын аян”-ыг өрнүүлж 2022 оны 12 дугаар сарын байдлаар тус ангид бүртгэлтэй 121 ахмад настан, өөр байгууллагад бүртгэлтэй 11 ахмад настан нийтдээ 18.218.000 төгрөгийг бэлнээр, 880.000 төгрөгийн үнэтэй эд зүйлийг бүрдүүлэн төвлөрүүлснээс 2022 оны долдугаар сард Дотоодын цэргийн штабт 3.000.000 төгрөг бэлнээр, 2022 оны 12 сард 05 дугаар ангийн түүхт 100, 101 жилийн бүтээлч ажлууд, залуу үеэ дэмжин 15,218,000 төгрөгийг бэлнээр, 880.000 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг тус тус хандивласан байна.
Манай ангид ажиллаж байсан өөр байгууллагад бүртгэлтэй 11 ахмад настан байгууллагын түүхт 100 жилийн ойдоо зорин ирж бэлэн мөнгө, эд зүйл хандивласныг энэ дашрамд дурдах нь зүйтэй.
“Ахмад настны дэмжлэг хандивын аян”-д бусдаас идэвхтэй оролцож хандив өгсөн ахмад настан Д.Цэгмэд (1.500.000₮), Л.Лхагвасүрэн(1.000.000₮) Н.Жамбалдорж (564.000₮), У.Бат-эрдэнэ(500.000₮), Т.Ганболд(500.000₮), Г.Мөнхдөл(500.000₮), П.Тэгшээ(500.000₮) нарын анги байгууллага, залуу үеээ гэсэн сэтгэл зүтгэлийг талархан тэмдэглэж байна.
Ахмадын зөвлөлийн ажлыг байнга дэмжиж 2013 онд 500.000₮, 2015 онд 500.000₮, 2019 онд ангийн “Дайчин алдрын танхим”-ын засвар тохижилтыг дэмжиж 5.000.000₮-ийг хурандаа Ц.Гансүх захирагчтай ангийн удирдлага, хамт олонд гардуулж өгч байсан, 1990-2000 онд ангийн Авто-албаны даргаар үр бүтээлтэй ажиллаж, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, бэлтгэл хошууч Л.Лхагвасүрэн, (одоо гэртээ болон эмнэлэгт сахиуртай эмчлүүлж байгаа), нөхрөө сахиж, асардаг гэргий Монгол улсын гавьяат Эдийн засагч, ахмад настан Цэрэннадмид нарын гэр бүлийн дэмжлэгт талархан тэмдэглэх нь зүйтэй.
Бэлтгэл хурандаа Учралын Бат-эрдэнээр ахлуулсан Ахмадын “Зөвлөх баг”-ийн гишүүн, Гийдэрийн Мөнхдөл, Тогтохын Ганболд, Дүгэрсүрэнгийн Цэгмэд, Лувсандоржийн Болдбаатар, Дагвын Алиах, Банзайн Лхагвасүрэн, Рэнцэночирын Аззаяа, Дэндэвийн Батсүх, Баатарын Баттулга, Намбарын Өлзийбаяр, Бадарчийн Баатарсүрэн, Цагаачийн Дэмбэрэл, Лувсаншаравын Очирбат, Рагчаагийн Эрдэнэбал, Баасангийн Содномпил, Самнордовын Тэгшбуянт, Гомбосүрэнгийн Ганчимэг, Бүдхорлоогийн Гантулга, Соном Лхагвасүрэн, Пүрэвийн Тэгшээ, Наранцэцэгийн Жамбалдорж, Санжийн Янжинлхам нар залуу үе, цэрэг дайчид руу хандсан сургалт, соёл хүмүүжил, спорт, урлаг, олон нийтийн ажилд байнга идэвхтэй оролцдогийг, тэдний үнэлж баршгүй итгэл, хөдөлмөр зүтгэлийг 100 жилийн түүхийн номдоо өндрөөр үнэлж тэмдэглэн сайшааж, чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Д.Цэгмид, гавьяат жүжигчин Г.Энхжаргал, бахархалт гэр бүл бэлтгэл ахлах ахлагч Ж.Хүрэлхуяг, бэлтгэл дэд хурандаа Ц.Энхтуяа, бэлтгэл хурандаа У.Батэрдэнэ, Т.Ганболд, Г.Мөнхдөл нар манай Ахмадын зөвлөлийн бахархалт ахмад настнууд юм.
АХМАД, ДУНД, ЗАЛУУ ҮЕДЭЭ ХАНДАХ НЬ:
Манай ахмад настнууд өөрсдийн хуулиа сайтар уншин судалж, нийгмийн амьдрал, хөгжил дэвшилд идэвхтэй оролцох нь зүйтэй.
Ахмадууддаа итгэж, ах захаа хүндэлье. Өтөл насныхан тэр аяараа нийгмийн яндашгүй баялаг юм. Тэд ухаан нь тэлж хөгжсөн, олон оймс илээж туршлага хуримтлуулсан, хий нь гарч хашир суусан, үг дааж егзөр болсон, арга барил нь төлөвшсөн, боловсорч мэдлэг нь зузаарсан хүмүүс.
Ер нь “Өсвөр насны баялаг бол хүч чадал, гуа сайхан байдаг бол өтөл насны баялаг нь ухааны цэцэглэлт” (Демокрит) гэж ухаантан хэлсэн байна. Ийм баялгийг нийгэмд хэрэглэхгүйгээр орхино гэдэг нь ухаан муутай, урагшгүй тэнэг үйлдэл гэхээс өөрцгүй.
Эрхэм ахмад, дунд, залуу үеийн та бүгдийгээ Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбарын “Залуус дүү нартаа хүргэх шүлэг”, “Амьдадаа бие биеэ хайрла хүмүүсээ”, “Тэнгэр шиг бай” шүлгүүдийг хааяа нэг ном, интернэтээс олж уншиж, сонсож явахыг хүсэж байна.
Одонт Хорооны ахмадууд “Олон улсын ахмадын өдөр”, “Сар шинийн баяр”-ын үеүдээр цуглаж, золгон мэндчилж, Төрийн 3 одонт байлдааны тугаа сүслэн дээдэлж, өөрсдийн залгамж үе, байгууллагынхаа хөгжил дэвшлийг харж бахархах, ахмад настан бүр өөрийн ажиллаж байсан албад, салбар, нэгжид очиж ажиллаж буй залуучуудтай харьцаж, санал сэтгэгдлийг сонсож, үнэт туршлага, зөвлөгөөгөө өгч, залуу насаа дурсах хүсэлтэй байдаг юм.
Одон тэмдэгт, Тусгай хорооны үе үеийн дарга, захирагч, албад, салбар, рот, нэгжийн дарга, захирагч нар, алба хаагчид, хамт ажиллаж байсан тухайн харьяалах албан тушаал, ажлын байруудаас тэтгэвэрт гарсан өндөр настанд сар шинийн баярыг тохиолдуулан очиж золгон, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлал өнөөг хүртэл тасраагүй байна.
Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын ба Байлдааны гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт, Улаан тугт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн өлмий бат оршиж, дайчин баатарлаг зан уламжлал, цэрэг эх оронч үзэл санаа түгэн дэлгэрч, хөгжин мандах болтугай.
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Ахмадын Зөвлөлийн дарга,
“Одонт Хороо Ахмадын Зөвлөл” ТББ-ын тэргүүн,
бэлтгэл дэд хурандаа Г.Ганзориг