ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ШУУРХАЙ ШТАБ”-ЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Дотоодын цэргийн байгууллагын хуулиар хүлээсэн улсын онц чухал объектыг хамгаалах үндсэн болон дэмжлэг үзүүлэх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхэд нэгдсэн хяналт, удирдлага зохион байгуулалтаар хангах, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай харилцан мэдээ, мэдээлэл солилцож хамтран ажиллах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камерын систем, штаб, серверийн өрөө, цахим хурлын систем, ухаалаг дэлгэц бүхий Дотоодын цэргийн байгууллагын “Шуурхай штаб”-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.07.24/-ний өдөр Дотоодын цэргийн штабт болж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, бригадын генерал Д.Ариунболд, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны Эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат болон Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо.
Дотоодын цэргийн байгууллагын “Шуурхай штаб”-ыг байгуулснаар Дотоодын цэргийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэвшилтэд техник технологийг өргөнөөр ашиглах, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ ард иргэдийн аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөл, баталгааг бий болгоход чиглэсэн үр дүнтэй ажил болсон юм.