“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генералуудад хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100, Генерал цол бий болсны 78 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр /2022.04.27/ Дотоодын цэргийн штабт зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан генералууд, алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генералуудыг төлөөлж Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэв хэлсэн үгэндээ “Дотоодын цэрэг нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын төр, ард түмэндээ үнэнчээр зүтгэж ирсэн билээ.
1990 онд Дотоодын цэрэг нь биеэ даасан Төрийн цэргийн байгууллага болж, Цагдаагийн байгууллагатай нэр, амьдралаа холбосон түүхтэй.
Миний бие 1990 онд Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн анхны командлагчаар томилогдоод 6 жил гаран ажилласан, түүнээс хойш Цагдаа, дотоодын цэргийн байгууллага их хөгжиж, ажил үүрэг нь нэмэгдэж, товчхон хэлбэл ажил нь их хүндэрсэн байна.
Та бүхэн гүйцэтгэж байгаа үүргээ нэр төртэй биелүүлж байгааг Монголын төр, ард түмэн харж байгаа.
Ингээд Монголын Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн, та бүхний гэр бүлийн гишүүдэд 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсын Дотоодын цэргийн яруу алдар бадартугай” гэв.
Анх 1944 онд манай улсад эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт генерал цолыг олгох журам гарч, үүний дагуу мөн оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын 11 хүнд анх удаа генерал цол олгосон билээ.
Та бүхнийг минь Монгол цэргийн суу алдар, сүр хүч, сүлд хийморь мөнхөд ивээж, урт удаан наслах болтугай.