Улаанбаатар Дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн дунд “Хамгаалалтад хамтдаа” арга хэмжээг зохион байгууллаа.
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар Дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн дунд “Хамгаалалтад хамтдаа” арга хэмжээг өнөөдөр /2022.05.13/ “Сүлд” чуулгын байранд зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний үеэр Дотоодын цэргийн чиг үүргийн онцлогийг гэр бүлд нь таниулах, мөн Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж”, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүлийн харилцаа” сэдвээр сургалт зохион байгуулж, “Сүлд” чуулгын алба хаагчдын урлагийн хэсэгчилсэн тоглолтыг сонирхуулсан юм.
Арга хэмжээний үеэр алба хаагчдын дунд явуулсан санал асуулгаар “Бахархалт аав”, “Бахархалт ээж”-ийг шалгаруулж, “Гэр бүлдээ бичих миний сэтгэлийн үг” сэдэвт захидлын уралдаанд тэргүүн, дэд, гутгаар байр эзэлсэн алба хаагчдыг шалгаруулав.
Дотоодын цэргийн байгууллагын “Бахархалт аав”-аар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Хамгаалалтын зургаадугаар салбарын захирагчийн орлогч, ахлах дэслэгч Х.Батбаяр, “Бахархалт ээж”-ээр Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах хоёрдугаар салбарын салааны захирагч, ахлах ахлагч Ш.Ганчимэг нар тодорлоо.
“Хамгаалалтад хамтдаа” арга хэмжээ алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнээр үргэлжилж байна.