“Монгол Улсын Дотоодын цэргийн түүх” /1911-2022/ бүтээлийн бүтцийн хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд түүхэн уламжлал, чиг үүргийг түүхийн судалгааны арга зүй, зарчим, шаардлагад тулгуурлан судалж суурь судалгааны бүтээл туурвих зорилгоор “Монгол Улсын Дотоодын цэргийн түүх” /1911-2022/ бүтээлийн бүтцийн хэлэлцүүлгийг Цагдаагийн ерөнхий газрын “Хурлын танхим”-д өнөөдөр /2022.05.20/ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, хошууч генерал Ч.Амарболд, бригадын генерал Т.Хүрэлбаатар болон анги, байгууллагын дарга, захирагчаар ажиллаж байсан ахмад дайчид, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Хэлэлцүүлгээр “Монгол улсын дотоодын цэргийн түүх” /1911-2022/ номыг бүтээх ажлын явцыг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцсон юм.
Дээрх бүтээл нь Монгол Улсын Дотоодын цэргийн байгууллагын түүхийн судалгааг шинэ шатанд гаргаж, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн оюутан, суралцагчдын сургалтын материал, судлагдахуун, цаашдын судалгааны чиглэл, арга зүйг тодорхойлоход дөхөм болсон суурь судалгааны бүтээл болох бөгөөд баялаг түүх, баатарлаг ялалт, бахдам амжилтаа нэгэн зууны түүх болгон туурвиж байгаагаараа онцлогтой юм.