АХЛАГЧИЙН АЛБА - ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын "Ахлагчийн хөгжлийн хөтөлбөр 2027"-ийн "Хариуцлагатай ахлагч" аяны хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн асуудал хариуцсан мэргэжилтэн, даргалах албан тушаалын ахлагч нарын дунд "Ахлагчийн алба - Өнөө ба ирээдүй" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.06.25) дотоодын цэргийн 805 дугаар ангийн байрлалд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд "Зэвсэгт хүчний ахлагчийн албаны хөгжил" сэдвээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын ахлагч, тэргүүн ахлагч Б.Мөнхбаяр, "Ахлагч бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг сайжруулахад анхаарах асуудал" сэдвээр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Ахлагчийн хөгжлийн төвийн дарга, сургагч ахлагч П.Баярмагнай, "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сахилга, ёс зүйн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал" сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Энхнаран, "Орчин үеийн залуучуудын хөгжлийн чиг хандлага" сэдвээр "Хөгжил телевиз"-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал М.Даваадорж нар мэдээлэл хийлээ.
Харин хэлэлцүүлгээр "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь", "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал", "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний ажиллах орчин, нийгмийн баталгаа", "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сахилга, ёс зүйн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал", "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах асуудал" зэрэг 5 сэдвийн хүрээнд хэлэлцлээ.