УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ТИКА/ болон тус улсын Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хамгаалалтын газрын мэргэжилтнүүдтэй хамтран тусгай хамгаалалтын үйл ажиллагааны чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалт энэ оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрийн хооронд зохион байгуулагдаж, өнөөдөр (2025.07.04) сургалтад хамрагдсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад сургалтын гэрчилгээ гардуулах арга хэмжээ Дотоодын цэргийн штабын байрлалд зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж, Бүгд Найрамдах Турк Улсаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Башак Гэнч Юүксэл, Бүгд Найрамдах Турк Улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ТИКА/-ын хөтөлбөр зохицуулагч ноён Али Муслу болон тус улсын Дотоод хэргийн яамны Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хамгаалалтын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Эржан Албаярах нар оролцлоо.
Мөн энэ үеэр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Башак Гэнч Юүксэлтэй уулзалт хийж, ажлын амжилт хүсэж, баяр хүргэлээ.
E