ӨНӨӨДӨР “ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэд, жуулчид үзэж сонирхлоо.
Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд Дотоодын цэргийн байгууллагын 95 алба хаагч оролцож, жагсаалын хайрцгийг командалж Дотоодын цэргийн штабын Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батзориг удирдан алхлаа.
Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 23 салбар, Төрийн хүндэт харуулын дайчид, 2 морьт салаа, Улаанбаатар цэргийн хүрээний нэгдсэн найрал хөгжмийн нийт 1,400 гаруй цэргийн алба хаагч оролцсон юм.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, төрт ёсоо эрхэмлэн дээдлэх, үндэсний итгэл үнэмшлийг бадраах зорилгоор 2009 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн 07 сарын 10-ны өдөр тэмдэглэж, алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал зохион байгуулдаг уламжлалтай.