ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Эрхэлсэн ажилдаа үр бүтээл гарган өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнагдсан алба хаагчдад шагналыг гардуулах, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны 14 дүгээр ээлжийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн Дотоодын цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр (2025.10.09) боллоо.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 89 дүгээр зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар шагнагдсан 14 алба хаагч, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан 2 ажилтны шагналыг гардуулж, Монгол Улсынхаа нэр төр, сүр хүчийг олон улсын тавцанд бататган харуулж даян дэлхийн энх тайвныг сахиулах нэр хүндтэй үүргээ хариуцлагатай биелүүлсэн нэр бүхий алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар “Дотоодын цэргийн алдар тэмдэг, Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”, Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар Дотоодын цэргийн “Албаны төлөө” тэмдэг болон албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлэх зэргээр шагнаж, урамшуулан хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсынхаа Үндэсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ амар, амгалан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж шагнал хүртсэн нийт алба хаагч, ажилтан Та бүхэндээ баяр хүргэж, ажлын амжилт хүсье.






























100 жил
