ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ БЭЛТГЭЛЭЭР ХАЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Дотоодын цэргийн байгууллагад 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар татагдан ирж, хугацаат цэргийн алба хаах хугацаа дууссан түрүүч, байлдагч нарыг Дотоодын цэргийн командлагчийн тушаалын дагуу цэргийн албанаас бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээг өнөөдөр /2025.10.15/ Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгууллаа.
Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж, Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, Дотоодын цэргийн 05, 805, 810 дугаар анги болон 837 дугаар тусгай салбарын бие, бүрэлдэхүүн оролцлоо.
Арга хэмжээний үеэр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж хэлсэн үгэндээ
"Та бүхэн нэг жилийн хугацаанд зөвхөн үүрэг гүйцэтгээгүй эцэг эхийнхээ итгэлийг, эх орныхоо нэр төрийг хамгаалсан, эр хүн болох замаа эхэлсэн, нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгосон онцгой цаг хугацааг туулсан гэдэгт итгэлтэй байна.
“Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий” хэмээх үг бол зүгээр нэг уриа биш, харин итгэл, хөдөлмөр, хичээл зүтгэлийн бэлгэдэл билээ. Ирээдүйд Та бүхний дундаас эх орноо удирдан чиглүүлэх ахлагч, офицер, генерал төрөх нь гарцаагүй.
"Монгол Улсынхаа дотоод аюулгүй байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө бидэнтэй мөр зэрэгцэн зүтгэхээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлт гарган "Цагдаа", "Цагдаа жолооч", "Хамгаалалтын ажилтан" мэргэжил олгох сургалтад амжилттай хамрагдаж, ахлагчийн бүрэлдэхүүнд шинээр томилогдож байгаа алба хаагч Та бүхнээрээ бахархаж байна." хэмээн тодотголоо.
Эрхэм дайчид та бүгдийн эрэлхэг зориг, цог хийморь, үйлс бүхэн нь үргэлж дэлгэрч явах болтугай!


























100 жил
