ЧИНГИС ХОТЫН “УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ"-ИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогод дотоодын цэргийн хамгаалалтад шилжээгүй дулааны цахилгаан станц, аймгийн төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг төрийн хамгаалалтад шилжүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилт тусгагдсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Хэнтий аймгийн Чингис хотын ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах тусгай салбарыг байгуулж, тус объектыг Дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авах арга хэмжээг Чингис хотод зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл, Хэнтий аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Г.Хэрлэнчулуун, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батхүү, “Хэнтий Ус” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Батгэрэл нар болон тус аймгийн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, хамгаалуулагч байгууллагын ажилчид тус тус оролцлоо.