Бидний тухай

БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1945 оны 08 дугаар 29-ний өдрийн 321 тоот тушаалаар Дотоодын цэргийн тусгай салааг байгуулснаар “Дотоодын цэргийн 805 дугаар анги”-ийн үндэс суурь нь анх тавигдаж байжээ. 1988 онд Улсын онц чухал объектыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, цагийн байдлын онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор НАХЯ-ны сайдын тушаалаар Хилийн ба Дотоодын цэргийн 0229 дүгээр ангийг, Цагдан сэргийлэхийн 0230 дугаар ангитай нэгтгэж Нийслэл хотод нийгмийн хэв журам сахиулах, эргүүл шалгалт хийх үүрэгтэй өвөрмөц үйл ажиллагаатай  тусгай анги үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Уг үүрэг гүйцэтгэж байсан 0230 дугаар ангийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 1992 оны 145 тоот тушаалаар “Дотоодын цэргийн 805 дугаар анги” болгон өөрчилж байжээ.

Улсын их хурлын 2012 онд явагдсан сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газраас эрх зүйн шинэчлэлийн бодлого явуулснаар Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж Дотоодын цэргийн гүйцэтгэж байсан үүрэг цагдаагийн албанд шилжиж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 225 дугаар тушаалаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэн, Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтцэд шилжүүлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 641 дүгээр тушаалаар “Хамгаалалтын гуравдугаар газар” болгон байгууллагын нэрийг өөрчилж байсан.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 7 дугаар зүйлийн 7.1-т: “Монгол Улсын төрийн цэргийн байгуулал нь тайван цагт Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэнэ.”, мөн зүйлийн 7.3-т: “Тайван цагт ... дотоодын цэрэг нь ... бие даасан үүрэг гүйцэтгэх бөгөөд бүтэц чиг үүргийг хуулиар тогтооно.” гэж тус тус заасныг Төр засгаас хэрэгжүүлж, “Дотоодын цэргийн тухай хууль”-ийг баталж, Дотоодын цэргийн гүйцэтгэх чиг үүрэг, эрх зүйн үндсийг хуульчилж өгсөн билээ. Дээрх хуулийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Дотоодын цэргийн 805 дугаар анги”-ийг дахин байгуулсан.

Тус анги нь Дотоодын цэргийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэж, үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд ханган ажиллаж байна.





"Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.

Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая.

Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ." 

Цэргийн албаны тухай хуулиас



Удирдлага Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаАнгийн ахлагчЗахирагчийн орлогч, ар тал хангалтын даргаЗахиргааны удирдлага эрхэлсэн орлогчАнгийн захирагч



Хэл солих
    Хаяг

    Цэргийн хотхон, Их тойруу, Б.Доржийн гудамж, 2-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, 13360

    Утасны дугаар

    +976 7019-1480, 9932-0102, 8958-8010

    И-мэйл

    dts805@police.gov.mn

    Нэвтрэх