“ЖАНЖИН СҮХ ШИГ ХИЙЦГЭЭЕ” ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд “Цэрэгжлийн спорт”-ыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Дотоодын цэргийн штабаас “Одонт хороо” ахмадын зөвлөлийн нэрэмжит “Жанжин сүх шиг хийцгээе” цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгуулж байна.
Тус тэмцээний нээлтийн арга хэмжээний хүрээнд “Жанжин Д.Сүхбаатарын дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөх хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулж тус арга хэмжээнд:
- Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон зөвлөлийн гишүүд;
- Их жанжин Д.Сүхбаатарын зээнцэр, Д.Хайдар болон С.Уянга;
- Дотоодын цэргийн штабын Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа М.Батзориг;
- “Одонт хороо ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл дэд хурандаа Г.Ганзориг болон ахмадын зөвлөлийн гишүүд болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд 12 анги, байгууллагын 90 гаруй алба хаагчид “Модон моринд малгай тавьж харайх”, “Дүүжинд сонс эргэх”, “Дүүжинд татаж давах”, “Суга савлуурт 15в дугаар дасгалыг гүйцэтгэх”гэсэн 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Мөн энэхүү тэмцээнд Дотоод хэргийн их сургуулийн Дотоодын цэргийн тэнхимийн 1,2,3 дугаар курсын дамжааны сонсогчид оролцож, өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа юм.