МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЛАА.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад өнөөдөр /2024.03.28/ ажиллаж, үйл ажиллагаатай танилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Дотоодын цэргийн байгууллага нь улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай хөдөлгөөнт хүчин байгуулж, бэхжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ онцолсон юм.
Энэ хүрээнд тулгамдсан асуудлуудаа цаг алдалгүй шийдвэрлэж, дэлхийн жижигт нийцсэн чадварлаг, мэргэшсэн дотоодын цэргийг хөгжүүлэх, төрийн цэргийн байгууллага, алба хаагчдын нэр хүндийг өндөрт өргөж байх чиглэлээр улам хичээн ажиллахыг дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо.
Мөн алба хаагчид мэдлэг, ур чадвар, албаны бэлэн байдал, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ тогтмол дээшлүүлж, ёс зүйг эрхэмлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эцэст нь Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, төр, нийгэм, иргэний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө.