ДОТООДЫН ЦЭРГИЙН 821 ДҮГЭЭР ТУСГАЙ САЛБАР "ЭРДЭНЭТ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ" ТӨХК-г ХАМГААЛАЛТАД АВЛАА
Монгол Улсын Засгийн газрын 35 дугаар "Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай" тогтоол, Дотоодын цэргийн командлагчийн А/13 дугаар "Объект хамгаалалтад хүлээн авах тухай" тушаалаар "Эрдэнэтийн дулааны цахилгаан станц" ТӨХК-ыг Дотоодын цэргийн 821 дүгээр тусгай салбар өнөөдөр /2024.04.10/ хамгаалалтад хүлээн авч, тусгай салбарыг өргөтгөн зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа М.Батзориг, 821 дүгээр тусгай салбарын захирагч, дэд хурандаа Б.Бүдрагчаа, "Эрдэнэт дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ, Орхон аймаг дахь гаалийн газрын дарга Б.Майдармаа, Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг дарга Б.Баасансүрэн, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Төрмөнх, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Амарсайхан, Орхон аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Лхагвадорж, Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд болон ахмад дайчид оролцлоо.
Мөн дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис "Эрдэнэт дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Дотоодын цэргийн 821 дүгээр тусгай салбарыг өргөтгөн зохион байгуулснаар улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ орон нутагт ажлын байрыг шинээр бий болгож орон нутгийг дэмжих төр, засгийн бодлого, аймаг орон нутгийн хөгжлийн болон аюулгүй байдлын зорилтыг хангахад эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.