ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Дотоодын цэргийн байгууллагад 2024 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдыг "Тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээ"-г өнөөдөр (2024.11.29) Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийн байрлалд зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон даргын зөвлөлийн гишүүд бусад хамтран ажилладаг байгууллагын удирдлага, төлөөлөл, алба хаагчид тэдний гэр бүл оролцлоо.
Дотоодын цэргийн байгууллага нь 103 жилийн түүхтэй бөгөөд мэргэшсэн, чадварлаг бүрэлдэхүүнтэй, үйл ажиллагаандаа хууль ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдлэх, шуурхай тасралтгүй байх зарчмыг баримтлан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ иргэдэд "цэрэг эх-оронч үзэл", хүмүүжил олгож, эр цэргийг бэлтгэх залгамж холбоог үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.
Дотоодын цэргийн байгууллагад алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь мэргэжил олгож, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчаар бэлтгэх, мөн авто засварчин, цахилгаанчин, гагнуурчин, токерчин, барилгын засал чимэглэлчин зэрэг нийгэмд эрэлттэй 8 мэргэжлээс сонгон эзэмшүүлж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, Монгол банктай хамтран санхүүгийн мэдлэг, боловсрол олгож, залуу үеийнхнийхээ ажил, амьдралын гарааг зөвөөр эхлүүлэхийг зорин ажиллаж байна.
Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүргээ биелүүлэхээр сэтгэлийн дуудлага, хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн Дотоодын цэргийн байгууллагад татагдан ирж цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтаа амжилттай дүүргэн, цэргийн тангаргаа өргөж, аав, ээжийн хүүгээс эх орны цэрэг болж байгаа дайчдадаа халуун баярыг хүргэе.