“МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ДОТООДЫН ЦЭРГИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” ЦАХИМ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Үндэсний аюулгүй байдлыг хангахад Дотоодын цэргийн үүрэг оролцоо, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын цахим чуулга уулзалтыг өнөөдөр /2022.12.02/ Дотоодын цэргийн штабт зохион байгууллаа.
Дээрх чуулга уулзалтад Монгол Улсаас: Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Дотоод хэргийн их сургуулийн ахлах судлаач, бригадын генерал Т.Хүрэлбаатар, Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
Гадаад Улсаас: БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Цэргийн атташегийн орлогч н.Наранмандал, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Цэргийн атташегийн туслах, дэд хурандаа Буховец Виталий Сергеевич, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын атташе Жоёл Ортиз, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Хоёрдугаар Нарийн бичгийн дарга Рахендра Манан, Бүгд Найрамдах Холбооны Ардчилсан Непал Улсын Зэвсэгт цагдаагийн хүчний Сургалтын хэлтсийн дарга Мадхаб Регми нар оролцов.
Уулзалтын үеэр Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис: Энэхүү уулзалтаар олон улсын цэргийн статустай хууль сахиулах байгууллагуудын талаар хэлэлцэж, ирээдүйн шинэ зууны хөгжил дэвшил, хамтын ажиллагааны арга замаа тодорхойлж нөхөрсөг байдлаар нээлттэй санал бодлоо солилцсонд талархаж, Монгол Улсын Дотоодын цэрэг гадаад харилцаа, хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.