ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Дотоодын цэргийн байгууллагад 2025 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын "Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа"-г 06 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийн байрлал болон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 810 дугаар анги (Цогтцэций сумын наадмын төв талбай) -д зохион байгууллаа.
Цэргийн тангараг нь цэргийн албан хаагчийн эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн андгай бөгөөд Монгол Улсаа батлан хамгаалах асар их үнэ цэн, үүрэг, хариуцлага хүлээлгэсэн итгэл найдвар бөгөөд цэргийн албанаас өөрийгөө олж таних, алсын хараа ирээдүйгээ тодорхойлох, эх оронч үзлээр төлөвших, тэсвэр хатуужилтай болох олон эрхэм чанарыг эзэмших юм.
Дотоодын цэргийн байгууллагад алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь мэргэжил олгож, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчаар бэлтгэх, мөн авто засварчин, цахилгаанчин, гагнуурчин, токерчин, барилгын засал чимэглэлчин зэрэг нийгэмд эрэлттэй 8 мэргэжлээс сонгон эзэмшүүлж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, Монгол банктай хамтран санхүүгийн мэдлэг, боловсрол олгож, залуу үеийнхний ажил, амьдралын гарааг зөвөөр эхлүүлэхийг зорин ажиллаж байна.
Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүргээ биелүүлэхээр сэтгэлийн дуудлага, хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн Дотоодын цэргийн байгууллагад татагдан ирж цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтаа амжилттай дүүргэн, цэргийн тангаргаа өргөж, аав, ээжийн хүүгээс эх орны цэрэг болж байгаа дайчдадаа халуун баярыг хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН СҮР ХҮЧ, СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!