ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИЙН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Ган тулгаа тулж, гавьяа алдраа мөнхлөн, газар дэлхийн дайдад суу алдраа цуурайтуулсан хошууч генерал А.Думбурайн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Түүхт 80 жилийн ойн хүрээнд цэргийн ёслолын жагсаал, хошууч Генерал Алтангэрэлийн Думбурайн хөшөөний нээлт, цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа болон Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хамгаалах, хүүхэд залуучуудыг эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэх, алба хаагчдын мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйг төлөвшүүлэх үйлсэд идэвх, санаачилга, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад цол, шагнал гардуулах зэрэг үйл ажиллагаа өнөөдөр (2025.07.18) тус ангийн байрлалд зохион байгуулагдлаа.
Дотоодын цэргийн 805 дугаар анги нь өдгөөгөөс 80 жилийн өмнө Дотоод явдлын яамны сайдын 1945 оны 321 тоот тушаалаар байгуулагдсан “Фронтоос олзлогдогчдыг харж хамгаалах Дотоодын цэргийн тусгай салаа”-аас улбаатай бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг нэр төртэйгөөр гүйцэтгэн, цэрэг эх оронч хүмүүжил олгон олон мянган цэрэг эрсийн гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэж улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оролцуулан бэлтгэж ирсэн түүхтэй билээ.
Уг ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Сүхболд, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж, мөн штабын дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Тайван, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, бригадын генерал Р.Чингис, бригадын генерал С.Ганбат, бригадын генерал Т.Хүрэлбаатар, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, алба хаагч, ажилтан, хугацаат цэргийн алба хаагчид болон ахмад ажилчдын төлөөлөл оролцлоо.
Туулж ирсэн түүхээ товчоолон баринтаглаж, түүчээлэн цааш үргэлжлүүлэх цэргийн хүний тууштай, чин шударга үнэнч итгэлтэй замналаар урагшилсан нийт бие бүрэлдэхүүндээ бахархан хүндэтгэж, Дотоодын цэргийн 805 дугаар анги үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, эр зориг, тэсвэр хатуужил, цог хийморийн албаар овоглосон та бүхний цаашдын үйлсэд арвин их амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ДОТООДЫН ЦЭРГИЙН СҮР ХҮЧ, СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!