ЦУСНЫ ДОНОР ХАМТ ОЛНООР ШАЛГАРАВ
Жил бүрийн 6 дугаар сарын 14 бол Цусны донорын дэлхийн өдөр.
Энэ өдөр дэлхийн улс орнууд эрдэнэт хүний амь насыг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг сайн дурын, авлагагүй цусны донорууддаа талархал илэрхийлж, тэднийг алдаршуулдаг уламжлалтай.

2025 онд Цусны донорын дэлхийн өдрийг “Цусаа өгч, Итгэл түгээе: Хамтдаа амьдрал бэлэглэе!” уриан дор тэмдэглэж байна.
Цус сэлбэлт шаардлагатай байгаа өвчтөнүүдийг чанартай, аюулгүй, хүртээмжтэй цус, цусан бүтээгдэхүүнээр хангах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тогтмол хугацаанд цусаа хандивлах шаардлагатайг олон нийтэд таниулах зорилготой уг өдрийг Монгол Улсын Цусны алба Үндэсний хэмжээнд 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн.

Энэхүү өдрийг тэмдэглэх нь олон талын ач холбогдолтой бөгөөд хамгийн гол нь хүн амын дунд цусны донорын талаарх мэдлэг, хандлага сайжирч, улмаар цус, цусан бүтээгдэхүүний байнгын нөөцийг бүрдүүлэхэд тодорхой нөлөө үзүүлдэг билээ.
Тус өдрийг тохиолдуулан 2025.06.14-нд үүрэгт ажлынхаа зэрэгцээ бусдын амь насыг аврах үйлсэд үнэт цагаа харамгүй зориулдаг нэр бүхий байгууллага, иргэдийн шагнаж, алдаршуулах арга хэмжээг зохион байгуулав.

“Цусны донор хамт олон”-оор баяр наадмын болон амралтын үе болох зуны саруудад цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй оролцож иргэний үүргээ нэр төртэй хэрэгжүүлдэг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Эрүүл мэндийн төвийг шалгаруулж, өргөмжлөл, гардууллаа.