АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан ангийн үйл ажиллагааг сурталчлах, иргэн цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, ангийн түүхт 80 жилийн ойг угтан хүүхэд залуучуудад цэрэг эх оронч хүмүүжил олгох зорилгоор Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар, цэргийн штабтай хамтран тус дүүргийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан тус арга хэмжээг зохион байгууллаа.


Арга хэмжээний нээлтэд Сүхбаатар дүүргийн засаг дарга, М.Алтангэрэл, Боловсролын хэлтсийн дарга, Д.Адъяасүрэн, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Болдбаяр, ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга нарын хүндэт зочид, төлөөлөгчид болон ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

Тус арга хэмжээ хугацаат цэргийн алба хаагчдын жагсаалын үзүүлэх тоглолтоор эхэлж 809 ангийн алба хаагчдын бүлгийн тактик ажиллагаа болон гардан тулааны үзүүлбэр, албаны нохойн үзүүлэх тоглолт, хугацаат цэргийн алба хаагчдын скизтэй жагсаалын үзүүлбэрүүдийг оролцогч хүүхдүүдэд тус тус сонирхуулав.





Хөтөлбөрийн дагуу арга хэмжээнд оролцогч хүүхдүүдийг соёлын төвд хүлээн авч ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга ангийн түүхэн замнал, үйл ажиллагааг товч танилцуулж Сүхбаатар дүүргийн засаг дарга, М.Алтангэрэл арга хэмжээнд оролцогчдод хандан үг хэлж 2024 онд Сүхбаатар дүүргээс тус ангид татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдад болон хамтран ажилласан 805 дугаар ангийн хамт олонд талархал, гарын бэлэг гардуулав. Мөн энэ үеэр арга хэмжээнд оролцогчдод алба хаагчдын бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн тоглолтыг үзүүллээ.



Энэхүү арга хэмжээний дараа хүүхдүүд цэргийн байр болон хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, хувцас хэрэгсэл, хоол хүнс, албанд хэрэглэгддэг зэвсэг, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг сонирхуулж арга хэмжээнд оролцогч хүүхэд, залуучуудын дунд хийн гар бууны буудлагын тэмцээн зохион байгуулж эхний 3 байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа.








Арга хэмжээний төгсгөлд хүүхдүүд хугацаат цэргийн алба хаагчдын өдрийн хоолонд орж ангийн үндсэн үүрэг, үйл ажиллагаатай танилцаж, өндөр сэтгэгдэлтэй буцлаа.