ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНД ХАМТДАА НЭГ ӨДӨР” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь уулзуулах, алба хааж буй орчин нөхцөлийг танилцуулах зорилгоор “Хугацаат цэргийн албанд хамтдаа нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзан, Дотоодын цэргийн байгууллагын түүхэн замнал, ангийн алба, үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, Цэргийн нийтлэг дүрэм, хугацаат цэргийн албаны талаарх ойлголт, алба хаагчдын эрүүл мэнд, хоол хүнсний хангалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цэргийн байр, гал тогоо, хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, хувцас хэрэгсэл, хоол хүнс, албанд хэрэглэгддэг зэвсэг, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг танилцууллаа.





Мөн хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн тоглолтыг толилуулж, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Цэндсүрэн болон тус ангийн харуулын ротын байлдагч Э.Тэмүүлэн ээжийн хамт алба хаагчдын ар гэрийн төлөөлөлд зориулан ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Өдөрлөгийн үеэр хугацаат цэргийн алба хаагчид ар гэрийн төлөөллийн хамт хооллож, “Чанга шивнээ”, “Шагай шүүрэх”, “Хөгжөөнт буухиа” тэмцээнүүдэд оролцон, тэмцээнд амжилттай оролцсон хугацаат цэргийн алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Энэхүү арга хэмжээ нь ар гэр–алба хаагч–байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил болсон юм.