АЛБА ХААГЧИЙН ГЭР БҮЛД БАЙШИН БАРЬЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Дотоодын цэргийн 816 дугаар ангиас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ар гэрийг нь дэмжих зорилгоор “Дэм дэмэндээ” сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.
Аяны хүрээнд Нэгдүгээр салбарын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Х.Ууганбаярын гэр бүлд зориулан хашаа, байшин барьж, ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгуулсан юм.




Үйл ажиллагаанд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, дотоодын цэргийн 816 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Гантөмөр болон штабын даргын зөвлөлийн гишүүд алба хаагчид оролцлоо.
Дэд ахлагч Х.Ууганбаяр нь 0-7 насны зургаан хүүхдийн аав бөгөөд ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан, залуу үеийн шилдэг алба хаагчдын нэг юм.
Энэхүү сайн үйлсийн аян нь алба хаагчдынхаа ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах, гэр бүлд нь бодит дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бөгөөд хамт олны эв нэгдэл, хүмүүнлэг сэтгэлийн илэрхийлэл боллоо.