“ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ХӨГЖЛИЙН ЖИЛ”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан өнөөдөр нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.




Арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, залуу офицеруудын төлөөлөл оролцож, салбарын хүний нөөцийн бодлого, хөгжлийн чиг хандлага, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Өнөөдрийн байдлаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бүрэлдэхүүний 38 гаруй хувийг дэслэгчээс хошууч хүртэлх цолтой залуу офицерууд эзэлж байгаа бөгөөд тэдний 60 орчим хувь нь орон нутагт үүрэг гүйцэтгэж байна.
Иймд тус хөгжлийн жилд алба хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах орчныг сайжруулах, тогтвортой байдлыг хангах зорилгоор 50 гаруй ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал:
• Мэргэжлийн ур чадвар, гадаад хэл, манлайллыг хөгжүүлэх
• Гадаад, дотоодын сургалтад хамруулж, мэргэшүүлэх хөтөлбөрийг нэмэгдүүлэх
• Орон нутагт ажиллаж буй алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах
• Алба хаагчдын гэр бүлийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх
• Төрийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хамтын ажиллагаа, харилцан дэмжих, орлох чадавхыг бэхжүүлэх зэрэг багтаж байна.