ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2026 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН" ЭХЭЛЛЭЭ
Дотоодын цэргийн байгууллагын 2026 оны аварга шалгаруулах “Марш тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн гарааны өмнөх ажиллагаа болох "Жагсаалын үзүүлэх тоглолт", "Гардан тулааны үзүүлэх тоглолт", "Галын бэлтгэлийн норматив", "Химийн норматив", "Биеийн тамирын норматив"-ийг гүйцэтгэх зэрэг төрлөөр өнөөдөр (2026.03.25) эхэллээ.






Дотоодын цэргийн байгууллага нь жил бүр Марш тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнийг зохион байгуулж, алба хаагчдынхаа ур чадвар, бэлтгэлжилтийн түвшинг тогтоодог уламжлалтай бөгөөд энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах томоохон сорилго болж байгаагаар онцлог болж байна.
Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд баг, тамирчдыг ижил түвшинд өрсөлдөх боломжийг олгож, эрэгтэй 16, эмэгтэй 5, Дотоод хэргийн их сургуулийн болон хугацаат цэргийн алба хаагчийн 5 багт хуваан өрсөлдүүлж байгаа бөгөөд төв, орон нутгийн анги, тусгай салбаруудаас нийт 26 багийн 400 гаруй тамирчид оролцож байна.
Марш тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн нь хоёр өдөр зохион байгуулагдах бөгөөд энэ өдөр баг тамирчид Гарааны өмнөх ажиллагааг хийж гүйцэтгэх бол маргааш буюу 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Нарстай дахь хээрийн сургалтын хэсэгт тэмцээний үндсэн хэсэг болох Маршийн замд гүйцэтгэх ажиллагаагаар үргэлжлэх юм.
Дотоодын цэргийн байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнээс 2008 онд хугацаат цэргийн алба хаагчдын салаа хүрэл медаль, 2012 онд байнгын бүрэлдэхүүний салаа хүрэл медаль, 2023 онд байнгын бүрэлдэхүүний салаа хүрэл медаль, 2024 онд байнгын бүрэлдэхүүний салаа мөнгөн медаль, хугацаат цэргийн алба хаагчдын салаа хүрэл медаль (2008-2024 оны хооронд нийт 4 хүрэл, 1 мөнгө) тус тус хүртэж байсан амжилтийг үзүүлсэн байна.