Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар тогтоосон. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал нар “Дотоодын цэргийн хамгаалалтын гэрээ”-г хамтран баталж, Дотоодын цэргийн командлагчийн 2021 оны А/12 дугаар тушаалаар “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс дотоодын цэргийн 810 дугаар гэрээт тусгай салбарын хамгаалалтад авсан. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хамгаалах Дотоодын цэргийн 810 дугаар гэрээт тусгай салбарыг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 356 дугаар тогтоолоор “ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИ” болгон өргөжүүлсэн бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/97 дугаар тушаалаар ангийн дайчин уламжлал, алдар гавьяаны илэрхийлэл, бие бүрэлдэхүүний эрхэмлэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлгэдэл болсон “Байлдааны туг”-ыг ёслол төгөлдөр хүлээн авсан. Дотоодын цэргийн 810 дугаар анги нь Дотоодын цэргийн командлагчийн 2024 оны “Марш үйлдэх тухай” А/16 тушаалаар мөн оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг буюу ангийн байнгын байрлалд шилжин суурьшиж улмаар 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар анхны хугацаат цэргийн алба хаагчдыг татан авсан бөгөөд “Цэргийн тангараг” өргөх ёслол хүндэтгэлийн ажиллагааг мөн оны 06 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан юм. Тус анги нь Дотоодын цэргийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэж, үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд ханган ажиллаж байна.