ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дотоодын цэргийн байгууллагын 2023 оны тайлангийн хурал, алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр /2023.12.26/ Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын коцертын их танхимд зохион байгууллаа.
Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Штабын дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл, дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, төв, орон нутгийн анги, тусгай салбарын алба хаагчид нийт 16 байршлаас танхимаар болон цахимаар оролцлоо.
Тайлангийн хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн Командлагчийн мэндчилгээ, Дотоодын цэргийн байгууллагын 2023 оны үйл ажиллагааны видео танилцуулгыг нийт алба хаагчдад хүргэж, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис бие бүрэлдэхүүнд хандан баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Улиран өнгөрч буй 2023 он Дотоодын цэргийн байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг өргөтгөн зохион байгуулах, алба хаагч, ажилтны эрх үүрэг, нийгмийн баталгааг хангахад чиглэгдсэн ихээхэн санаачилга, хүчин чармайлт гаргасан бүтээлч он байлаа. Тухайлбал:
“Улс орныхоо түүхэн хөгжил, үндэсний аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ төр, ард түмнийхээ өмнө нэр төртэй гүйцэтгэж 2023 онд Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн батлуулан, алба-ажиллагааг өргөтгөн зохион байгуулсан.
Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулснаар аймгийн төвөөс алслагдсан суманд ажиллаж байгаа алба хаагчдад мөнгөн урамшлыг олгох, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих, ажилласан хугацааны нэмэгдэл олгох зэрэг зохицуулалт бий болж, алба хаагчдын албан үүргээ хэрэгжүүлэх баталгаагаар хангагдсан.
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж шинээр 3 аймгийн дулааны цахилгаан станц, 5 аймгийн ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг 2024 онд хамгаалалтад хүлээн авах орон тоо, төсвийг шийдвэрлүүлсэн.
Ахлагч бүрэлдэхүүний оролцоог нэмэгдүүлэх, эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн албыг хөгжүүлж, мэргэшүүлэх зорилгоор даргалах албан тушаалын ахлагчийн орон тоог штаб, анги, тусгай салбарт Тэргүүн ахлагч, Сургагч ахлагч нарын цолны зэрэглэлтэй орон тоог нэмэгдүүлсэн.
Түүнчлэн хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камерын систем бүхий удирдлага, хяналтын нэгдсэн төв “Дотоодын цэргийн шуурхай штаб”-ыг байгуулсан зэрэг томоохон хүч хөдөлмөр, хичээл зүтгэл ихээр шаардсан ажлуудыг богино хугацаанд гүйцэтгэсэн бахархам амжилттай онцлог жил байлаа.
Тус арга хэмжээний хүрээнд Дотоодын цэргийн байгууллагаас “Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан" алба хаагчдад "Төрийн одон, медаль"-аар 3, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 2 алба хаагч тус тус шагнагдсан.
Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан нэр бүхий алба хаагчдад “Ажил мэргэжлийн аварга алба хаагч, хамт олон”-ны шагналыг гардуулан баяр хүргэлээ.
Монгол төрийн Дотоодын цэргийн байгууллагын сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадрах болтугай.