ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЖ БАЙНА.
Дотоодын цэргийн 810 дугаар ангиас хөгжмийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, хүүхэд залуучууд, иргэд олон нийтэд цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор үлээвэр хөгжмийн багш Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ж.Ганболдтой хамтран 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдад хөгжмийн боловсрол олгох, тус ангийн анхны үлээвэр хөгжмийн бүрэлдэхүүнийг бэлтгэх сургалтыг 3 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шатны сургалтыг энэ оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 60 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулж дууслаа.
Энэ хүрээнд хөгжмийн бүрэлдэхүүнийг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ, эхний шатны сургалтын тайлан тоглолтыг өнөөдөр тус ангийн байрлалд зохион байгуулж, шинээр суралцаж буй алба хаагчдаас цэргийн анги байгууллагад өдөр тутам тоглогдох хөгжмийн марш, бүжгийн ая зэргийг үлээвэр хөгжим тоглож үзүүлэхээс гадна язгуур урлаг болон бусад 10 төрлийн урлагийн номерыг ангийн бие бүрэлдэхүүнд толилууллаа.
Дээрх сургалтыг амжилттай зохион байгуулсан үлээвэр хөгжмийн багш, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ж.Ганболдод Дотоодын цэргийн 100 жилийн ойн хүндэт медаль, 810 дугаар ангийн захирагчийн “Талархал”, 1 алба хаагчид мөн ангийн захирагчийн “Талархал”-ыг тус тус гардуулсан.
Мөн Цэргийн алба хаагчдад цол олгох журмыг үндэслэн “Дэд түрүүч”, “Ахлах байлдагч” цолыг тус бүр 1 алба хаагчид олгосон бол Цэргийн сахилгын дүрмийн 5.4.3, 5.4.6 дахь заалтыг үндэслэн тус сургалтад амжилттай хамрагдсан 6 алба хаагчийг ангийн байлдааны тугийн дэргэд авхуулсан зургийг нь дурсгал болгон хадгалуулах, 6 алба хаагчид баяр хүргэж, тэдний ар гэрт талархлын захидал илгээх сайшаал хүртээж, урамшуулсан.
Тус сургалт нь Дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд анх удаа хугацаат цэргийн алба хаагчдаас сонгон авч, өргөн бүрэлдэхүүнтэйгээр урт хугацаанд 3 үе шаттай зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.