НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖ ЖОЛООДЛОГЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
"ДРОНКОН-2025" тэмцээн “Мэргэжлийн”, “Сонирхогчдын”, “Тоглоомын”, “Өөрөө угсрах”, “Хүүхдийн чөлөөт” зэрэг нийт 5 төрлөөр 01 дүгээр сарын 25,26-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдлаа.
Тэмцээний хаалтын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, төлөөлөл, алба хаагч, тамирчид оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ: “Дронкон” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн нь Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэхийн зэрэгцээ дроны хэрэглээ, үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг шинэ шатанд гаргаж, үндэсний техник, технологи, мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглах, программ хангамжийг хөгжүүлэх тал дээр түүчээлэн манлайлж, хүүхэд залуусын дунд дрон, нисэх загвар зохион бүтээх, энэ төрлийн спортыг хөгжүүлэхэд холбогдох яам, агентлагийн удирдлагууд онцгойлон анхаарч ажиллах ёстойг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо.
Мөн энэ үеэр дотоодын цэргийн байгууллагад ашиглагдаж байгаа дрон, техникийн үзэсгэлэнг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Тэмцээнд нийт 548 тамирчин өрсөлдсөнөөс сонирхогчийн төрөлд нийт 205 оролцогч өрсөлдөж Дотоодын цэргийн байгууллагын 5 алба хаагч шилдэг 15 оролцогчид шалгарсан юм.
Амжилттай оролцсон тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.