Дотоодын цэргийн штабын дарга, доктор (Ph.D), бригадын генерал Н.Лхагвасайхан Дотоод хэргийн их сургуулийн удирдлагуудын төлөөлөлтэй албан уулзалт зохион байгууллаа
Дотоодын цэргийн штабын дарга, доктор (Ph.D), бригадын генерал Н.Лхагвасайхан, мөн штабын Захиргааны удирдлагын дарга, хурандаа Х.Наранбаатар, цэргийн тоо бүртгэл, хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Соронзонтунгалаг нар Дотоод хэргийн их сургуулийн удирдлагын төлөөлөлтэй өчигдөр (2026.09.23) тус сургуульд албан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Дотоодын цэргийн тэнхимийн сургалтын хөтөлбөр, сургалтын арга зүй, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид сургалтын агуулга, хөтөлбөрийг алба хаагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох боломжийн талаар танилцуулав.



Мөн хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Дотоодын цэргийн алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх урт болон богино хугацааны эрэлт хэрэгцээт сургалтуудыг зохион байгуулах, алба хаагчдыг багшлах эрх олгох сургалтад хамруулах, мэргэжлийн болон удирдах түвшний хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо. Түүнчлэн сургалтын орчин, материаллаг баазыг үе шаттайгаар сайжруулах, сургалтын үйл ажиллагаанд орчин үеийн арга, технологийг нэвтрүүлэх, практик дадлага, мэргэшүүлэх сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар талууд байр сууриа илэрхийлэв.
Цаашид Дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн сургалт, хөгжлийн хэрэгцээнд тулгуурлан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний хурал, чуулгыг хамтран зохион байгуулах, харилцан туршлага солилцох, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.