ТАНИЛЦУУЛГА

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1978 оны 223 дугаар тогтоол, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1978 оны “Харуулын батальон байгуулах тухай” 569 дүгээр тушаалаар Хилийн ба Дотоодын цэргийн 0202 дугаар ангийг анх байгуулсан нь Дотоодын цэргийн 816 дугаар ангийн анхны үндэс суурь тавигдсан түүхтэй.

Хилийн ба Дотоодын цэргийн 0202 дугаар анги нь байгуулагдсан цагаас эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн төв корпус, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах, үйлдвэрийн бутлах хэсэг, шатах, тослох материалын агуулах, төв усан сан, Сэлэнгэ мөрнөөс татсан ус өргөх станцуудын харуул, хамгаалалтыг зохион байгуулах үндсэн чиг үүргийг гүйцэтгэж ирсэн.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гадаад, дотоод нөхцөл байдал тогтворжиж эхэлсэнтэй холбогдуулан цэрэгжсэн харуул хамгаалалтын нөхцөлийг бууруулахад хүргэсэн бөгөөд энэхүү бодлогын нөлөөгөөр Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоолын дагуу Хилийн ба Дотоодын цэргийн 0202 дугаар ангийг татан буулгаж, ангийн байр, эд хөрөнгийг Ардын армийн 186 дугаар ангийн баланст шилжүүлсэн.

Хэдийгээр Хилийн ба Дотоодын цэргийн 0202 дугаар анги нь улс орны ороо бусгаа цаг үед оршин байсан хэдий ч Монгол Улсын эдийн засгийн их хүч, үндэсний баялгийн голомт болсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өмч хөрөнгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, дэг журам сахиулах төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.

Улмаар 1988 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг хамгаалалтыг Эрдэнэт хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын мэдэлд шилжүүлж, 1993 оноос Дотоодын цэргийн байгууллагын гэрээт хамгаалалт шилжүүлэн салааны зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны шийдвэр, Цагдаагийн ерөнхий газрын даргын 1997 оны 156 дугаар тушаалаар тус салааг тусгай салбар болгон өөрчилж, “Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар” гэсэн захидал харилцааны дугаарыг олгосон.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын объектуудыг Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын хамгаалалтад бүрэн шилжүүлж, хүн, тээврийн хэрэгсэл, бараа материалыг шалган нэвтрүүлдэг 1, 2, 3, 4 дүгээр харуулын цэгийн байр болон бусад 8 объектыг нийт 15 цэгээр нэмэгдүүлэн шинээр хамгаалалтад авч, үндсэн 4 харуулын хэсэг, жижүүрийн шуурхай албатай болон өргөжсөн байна.

Дотоодын цэргийн штаб, тусгай салбарын удирдлагын зүгээс 2005-2009 онд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад хэд хэдэн удаа хүсэлт гаргасны үр дүнд тус үйлдвэрээс 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр одоогийн Дотоодын цэргийн 816 дугаар ангийн одоогийн байрлаж буй 962,1 метр кв бүхий байрыг хүлээлгэн өгч, тус байранд алба-ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 175 дугаар тушаалаар 816 дугаар тусгай салбарыг татан буулгаж офицер, ахлагч нарыг гүйцэтгэж байсан чиг үүргийнх нь дагуу Орхон аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн.

2017 онд Монгол Улсын Их Хурлаар “Дотоодын цэргийн тухай хууль”-ийг дахин баталж Дотоодын цэргийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, эрх зүйн үндсийг хуульчилсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын мөн оны мн/08, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/01 дүгээр тушаалаар Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарыг дахин байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт”-ын “II.Цагдаагийн байгууллагын гэрээт хамгаалалтад байх объект” хэсгийн 7 дахь заалтад “Эрдэнэт үйлдвэр” ХХК гэж, мөн жагсаалтын “IV.Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх объект” гэсэн хэсгийн 1 дэх дэд заалтад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн гадна талбай дахь тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах гэж тус тус тогтоосон бөгөөд энэхүү тогтоолын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамгаалалтыг цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хоёр хэсэгт хуваан зохион байгуулж байгаа нь улс орны эдийн засгийн орлогын гол бүрдүүлэгч үйлдвэрийн аюулгүй байдлыг хангахад чиг үүргийн давхардал үүсэж байгаагийн зэрэгцээ объектын хамгаалалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангахад учир дутагдалтай байдал ажиглагдсан.

Иймд Засгийн газрын 2023 оны 407 тогтоолын дагуу учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж, Дотоодын цэргийн үндсэн чиг үүрэг болох улсын онц чухал объектыг хамгаалах үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Орхон аймгийн цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалж байсан объект, зарим орон тоог Дотоодын цэргийн 816 дугаар (гэрээт) тусгай салбарт шилжүүлсэн.

 Мөн Засгийн газрын 2023 оны 446 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 816 дугаар (гэрээт) тусгай салбарыг анги болгон өргөтгөн зохион байгуулж, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс үйл ажиллагааг эхлүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын мөн оны А/67 дугаар тушаалын дагуу тус ангид эрхэмлэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлгэдэл болсон аранзал улаан “Байлдааны туг”-ийг гардуулсан.

Дотоодын цэргийн 816 дугаар анги нь Дотоодын цэргийн тухай хуульд заасан нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажилд дэмжлэг үзүүлэн оролцох чиг үүргийн хүрээнд Орхон аймгийн цагдаагийн газарт тухай бүр дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа нь Эрдэнэт хотын ард иргэдийн амар тайван амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд зохих хувь нэмрийг оруулж байгаа билээ.





"Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.

Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая.

Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ." 

Цэргийн албаны тухай хуулиас



Удирдлага Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаАнгийн ахлагчЗахирагчийн орлогч, ар тал хангалтын даргаЗахиргааны удирдлага эрхэлсэн орлогчАнгийн захирагч



Хэл солих
    Хаяг

    Илгээлтийн эзэд, Говил баг, Баян-Өндөр сум, Орхон аймаг,

    Утасны дугаар

    +976 72748, 95349840, 95349810

    И-мэйл

    dts816@police.gov.mn

    Нэвтрэх