ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ БЭЛТГЭЛ ХУРАНДАА Г.МӨНХДӨЛИЙН НЭРЭМЖИТ “МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН" ЭХЭЛЛЭЭ
Дотоодын цэргийн байгууллагын 2025 оны аварга шалгаруулах бэлтгэл хурандаа Г.Мөнхдөлийн нэрэмжит "МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН" өнөөдөр /2025.04.17/ "Жагсаалын үзүүлэх тоглолт", "Гардан тулааны үзүүлэх тоглолт", "Галын бэлтгэл болон химийн норматив", "Биеийн тамирын норматив"зэрэг тэмцээнүүдээр эхлүүлэн дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээн нь Дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний бие бялдар, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэл, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, цэрэгжлийн спортыг хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдын бэлтгэлийг хангуулах зорилготой юм.
"МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН"-д Дотоодын цэргийн төв, орон нутгийн 16 анги, тусгай салбар болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогчийн салааны нийт 23 багийн 400 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож байна.
ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ БАГ, ТАМИРЧДАДАА ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!