“Улсын онц чухал объектыг хүч нэмэгдүүлэн хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцох, тусгай үүрэг даалгаврыг гүйцэтгэх” зориулалт бүхий “Дотоодын цэргийн тусгай бэлтгэлтэй бүлэг”-ийг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2002 онд анхлан байгуулж байсан нь одоогийн 809 дүгээр ангийн үндэс суурь болсон билээ.
2006 онд Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбар болгон өргөтгөн зохион байгуулагдсан. 2008, 2014, 2018 онуудад нэршил, бүтэц орон тоо өөрчлөгдөн зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 2024 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тус салбарыг “Дотоодын цэргийн 809 дүгээр анги” болгон өргөтгөн зохион байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/203 дугаар тушаалаар “Байлдааны туг”-аа гардан авсан.
Тус анги Дотоодын цэргийн тухай хуулиар хүлээсэн террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх чиг үүргийг хэрэгжүүлэн тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.