“Өнөөдөр сонго, Маргаашийг хамтдаа бүтээцгээе” уриатай нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн нөхөн хангалтыг бүрдүүлэх чиглэлээр оюутан, залуучуудад мэдээлэл хүргэх зорилгоор “Өнөөдөр сонго, Маргаашийг хамтдаа бүтээцгээе” нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр (2025.05.23) Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Энэ үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэж, өргөдлийг хүлээн авч, тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, жолоодох эрхийн үнэмлэх олгох, хугацаа сунгуулах, галт зэвсэг, хувийн хамгаалалт, аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрлийг хэрхэн авах талаар мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үе үеийн дүрэмт хувцас, техник, автомашин, тусгай хэрэгслээр үзэсгэлэн гаргаж, хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт тоглоом, автомашин, морьт, нохойт эргүүлийн онцлог, виртуал музейг үзүүлж сонирхууллаа.