"ЖАНЖИН СҮХ ШИГ ХИЙЦГЭЭЕ" ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд "Одонт хороо" ахмадын зөвлөлийн нэрэмжит "Жанжин Сүх шиг хийцгээе" цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2025.01.31) дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдаж байна.
Тэмцээний нээлтийг Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаагаар эхлүүллээ.
Энэхүү тэмцээн нь Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд "Цэрэгжлийн спорт"-ыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, эрүүл амьдралын дадал зуршлыг бий болгоход оршино.
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн захирал, бригадын генерал С.Дашзэвэг, Монгол Цэргийн Нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, бригадын генерал Д.Батжаргал, Дотоодын цэргийн штабын ЦАСХАГ-ын дарга, дэд хурандаа М.Батзориг, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар, Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн захирагч, хурандаа Ж.Батцагаан, Жанжин Д.Сүхбаатарын гуч хүү З.Хайдар, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Нийслэлийн 2-р дунд сургуулийн захирал Л.Цэнгэлмаа болон анги байгууллагын удирдлага, баг, тамирчид алба хаагчид, цагдаа, дотоодын цэргийн ахмадын зөвлөлийн төлөөлөл оролцож байна.
Тэмцээн Модон морин дээр малгай тавьж харайх, суга савлуурт 15в дугаар дасгалыг гүйцэтгэх, Дүүжинд 10-р дасгалыг хийж гүйцэтгэх, Дүүжинд сонс эргэх, Туухайг нэг гараар түлхэлттэй өргөх 22-р дасгалыг гүйцэтгэх зэрэг 5 төрлөөр зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнд дотоодын цэргийн байгууллагын 5 анги 10 тусгай салбараас офицер, ахлагчийн бүрэлдэхүүн, хугацаат цэрэг, сонсогчийн бүрэлдэхүүн гэсэн нийт 113 баг, тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдадаа амжилт хүсье!