ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС 2022 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС 2022 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн ой тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Түүхт ойн хүрээнд дотоодын цэргийн байгууллага, үе үеийн алба хаагч, ажилтнуудын улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, алдар гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дотоодын цэргийн штабыг Төрийн дээд “Сүхбаатарын одон”-гоор шагнасан.
Мөн Засгийн газрын 2022 оны 129 дүгээр тогтоолоор Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх улсын онц чухал объектын жагсаалтад нэмэлт оруулж, Говь-Алтай аймгийн Алтай хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад шилжүүлсэн.
Засгийн газрын 2022 оны 213 дугаар тогтоолоор 805 дугаар ангийг Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга, хошууч генерал А.Думбурай агсны нэрэмжит болгон шийдвэрлэж, тогтоолыг тус ангид хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан.
Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар аймаг, дүүрэг дэх тусгай салааг тусгай салбар болгон өргөжүүлж, захидал харилцааны дугаар олгохын зэрэгцээ үйл ажиллагааг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран анги, байгууллагын хэмжээнд 15 нэр төрлийн 15642 ширхэг модны суулгацыг нийт 22 байрлалын 4 га талбайд тарьж, Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах "Цагдаа төгөл" хотхоны 5.17 га газрыг хашаалах ажлыг зохион байгуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын 2022 оны “Марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-д Дотоодын цэргийн байнгын бүрэлдэхүүний салаа амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарсан.
Мөн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрүүл мэндийн алба хаагчдын дунд зохион байгуулагдсан "Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2022" буухиа тэмцээнд нийт 8 байгууллагын 120 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин оролцсоноос Дотоодын цэргийн баг тамирчид эрэгтэй төрөлд гуравдугаар, эмэгтэй төрөлд хоёрдугаар, нийлбэр дүнгээр дэд байрт шалгарсан.
Монгол Улсын “Төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан цэргийн ёслолын жагсаалд Дотоодын цэргийн анги, байгууллагаас нийт 208 хүний бүрэлдэхүүнтэй 2 салбарыг бэлтгэн оролцуулж, хугацаат цэргийн алба хаагчдын хайрцгийн 4 дүгээр эгнээ “Тэргүүний жагсаалч эгнээ”-ээр шалгарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнагдсан.
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Дотоодын цэргийн командлагчийн тушаалын дагуу цэрэг халах, татах ажлыг зохион байгуулж, татагдан ирсэн шинэ дайчдыг анги, байгууллагад хуваарилан, цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлж, Цэргийн тангараг өргүүлсэн.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулсан “Сөргө-2022” стратегийн команд штабын нэгдсэн сургуульд оролцож, өгөгдсөн цагийн байдлын дагуу ажиллаж, дүнг танилцуулсан.
Анги, тусгай салбарын офицер, ахлагч алба хаагчдын дунд 84 сэдвээр 223 цагийн сургалт, дадлагыг, хугацаат цэргийн алба хаагчидтай явуулах сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу 11 чиглэлээр нийт 552 цагийн сургалт, дадлагыг тус тус зохион байгуулж, дүгнэсэн.
Мөн алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Англи хэлний бэлтгэл анхан, дунд түвшин”-ий 6 удаагийн сургалтыг зохион байгуулж, 66 алба хаагчийг хамруулж, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний анхан, бэлтгэл дунд, дунд түвшний сургалтад нийт 4 алба хаагчийг суралцуулсан.
Дотоод хэргийн их сургуульд “Цагдаа судлал”, “Цагдаагийн ажил-Эрх зүй” хөтөлбөрийн 3 жилийн болон 5 жилийн эчнээ дамжаанд нийт 25, магистрын сургалтад 2, Үндэсний батлах хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академид 2, Оросын холбооны улсын Дотоод явдлын яамны харьяа их, дээд сургуулиудад 3, Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн академид 1, нийт 33 алба хаагч тус тус суралцаж байна.
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн “Бэлгэдэл /лого/”, “100 жилийн ойн хүндэт медаль” шалгаруулах уралдааныг зохион байгуулж, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар батлуулж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.
“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан анги, байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Улаанбаатар дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын “Нэгдсэн тооллого”-ыг “Цагдаа цогцолбор”-т зохион байгуулсан.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын аварга шалгаруулах спортын уралдаан тэмцээнүүдийг Дотоодын цэргийн 100 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж, нийт 14 удаагийн уралдаан тэмцээнд давхардсан тоогоор 254 алба хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон байна.
Дотоодын цэргийн түүхэн замнал, алдар гавъяаг мөнхжүүлэх зорилгоор “Монгол Улсын дотоодын цэргийн түүх” (1911-2022 он), “Дотоодын цэргийн эрх зүйн барим бичиг”, “Дотоодын цэргийн зурагт түүх” зэрэг ном, эмхэтгэл, “Монгол Төрийн Голомтын цэрэг” түүхэн сэдэвт баримтат кино, түүхэн сэдэвт олон арван нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл бэлтгэн олон нийтийн хүртээл болгосон.
Дотоодын цэргийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, түүхэн замнал, баатарлаг үйлсийг мөнхжүүлэх, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор “Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолбор”-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барьж байгуулсан.
Дэлхийн улс орнуудын цэргийн статустай хууль сахиулах байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Үндэсний аюулгүй байдлыг хангахад Дотоодын цэргийн үүрэг оролцоо, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын цахим чуулга уулзалтыг зохион байгуулсан.
Дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд “Соёлыг түгээе”, “Архинаас татгалзъя”, “Харилцаа бол байгууллагын соёл” зэрэг нөлөөллийн аян, арга хэмжээг зохион байгуулж, дүгнэсэн.
Ойн арга хэмжээг энэ оны 07 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж, Төрийн далбаа мандуулах, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, баярын хурал, хүндэтгэлийн концерт, цэргийн ёслолын жагсаал, хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг ёслолын ажиллагааг зохион байгуулсан.
Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журмын дагуу Улаанбаатар цагдаагийн хүрээний анги, байгууллагын 18-30 хүртэлх насны алба хаагч ажилчдыг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх ажлын хүрээнд түрээслээд өмчлөх хэлбэрээр 1 алба хаагчийг түрээсийн орон сууцанд хамруулж, 6 алба хаагчид гэр, 9 алба хаагчид өрхийн хэрэгцээнд 0.7 га газрыг олгуулах ажлыг тус тус зохион байгуулсан.
Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах бодлого, зорилтын хүрээнд 3 ээлжээр 15 алба хаагчийг гэр бүлийн хамтаар Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж Уул” амралт, сэргээн засах сувилалд үнэ төлбөргүй амрааж, сувилуулсан.
Улиран өнгөрч буй 2022 онд Монгол Улсын Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ажиллаа.
Бид ирж буй шинэ онд өмнөх амжилтаа улам бататгаж, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээ илтгэе.