Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар тогтоосон. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал нар “Дотоодын цэргийн хамгаалалтын гэрээ”-г хамтран баталж, Дотоодын цэргийн командлагчийн 2021 оны А/12 дугаар тушаалаар “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс дотоодын цэргийн 810 дугаар гэрээт тусгай салбарын хамгаалалтад авсан.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хамгаалах Дотоодын цэргийн 810 дугаар гэрээт тусгай салбарыг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 356 дугаар тогтоолоор “ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИ” болгон өргөжүүлэн зохион байгуулсан.
Тус анги нь Дотоодын цэргийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэж, үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд ханган ажиллаж байна.