ДОТООДЫН ЦЭРГИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХӨШӨӨ ЦОГЦОЛБОРЫН ТАЙЛБАР
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан туурга тусгаар улс, эх орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшил хийгээд ард иргэдийнхээ амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх их үйлсэд хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвар, халуун сэтгэлээ зориулсан бэлтгэл, чөлөөнд буй ахмад буурлууд, мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан, алба хаагчдынхаа гавьяа зүтгэлийг алдаршуулахаас гадна хүүхэд, залуучуудад Дотоодын цэргийн түүхэн замнал, баатарлаг үйлсийг таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, дотоодын цэргийн эгэл баатруудын үйлсийг сурталчлан таниулах зорилгоор хүндэтгэлийн хөшөө, цогцолборыг бүтээсэн.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон төгөл болгон хөгжүүлж, иргэд, олон нийтийн амарч зугаалах орчин нөхцөлийг нийгмийн хариуцлагын хүрээнд бүрдүүлэхээр зорин ажиллаж байгаа билээ.
Тус хүндэтгэлийн хөшөө, цогцолборыг алба хаагчдын санаачлагаар Улсын төсвөөр бус ахмад ажилтан, алба хаагчдын нөөц бололцоонд тулгуурлан хийж гүйцэтгэсэн юм.
Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөн түүх, түүний хөгжил, төлөвшил нь өнөөгийн Монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой бөгөөд энэхүү хүндэтгэлийн хөшөө, цогцолборыг бүтээж буй газар нь 1957 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн зуны байрлалын газар байжээ. Тухайн үед Жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа тус ангид “Сүхбаатарын одон” гардуулж байсан түүхтэй.
Энэхүү бүтээл нь Тулгыг бэлгэдсэн гурван тулгуур, үл тасрахын бэлгэдэл түмэн насан хээ, өнгөрсөн одоо ирээдүйн гурван үе шат, Монгол орны гал голомтыг манаж байгаа гэдэг утгаар мөнхийн галын асааж, улс эх орны аюулгүй байдлыг хангаж, улсын онц чухал объектыг няцашгүй хатан зориг, тэсвэр, тэвчээр гарган найдвартай хамгаалах утгыг илэрхийлж наран ургах зүгт бэлгэдлийг харуулж байрлуулсан.
Хүндэтгэлийн хөшөө, цогцолборыг бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн НИТХ, НЗДТГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага, хамт олон болон Дотоодын цэргийн байгууллагын ахмад ажилтан, нийт бие бүрэлдэхүүндээ гүн талархал илэрхийлье.
Монгол төрийн цэргийн сүр хүч, сүлд хийморь өнөд мандан бадарч, мэлмий тунгалаг, үйлс гэгээн байх болтугай.