ДОТООДЫН ЦЭРГИЙН ТҮҮХ
ДОТООДЫН ЦЭРГИЙН ТҮҮХ
Эзэн Чингис хааны хэвтүүл цэргээс эхтэй Дотоодын цэрэг нь 1922 онд дотоодын харуул хамгаалалтын үүргийг дагнан гүйцэтгэх зорилгоор ардын хувьсгалын партизанууд тулгын чулууг нь тавьсанаас хойш өнөөдрийг хүртэл төр засаг, командлалаас даалгасан үүргийг нэр төртэй биелүүлж байна.
Дотоодын цэрэг нь тайван цагт бие даасан үйл ажиллагаа явуулдаг, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй, төрөл мэргэжлийн цэрэг юм.
Дотоодын цэрэг нь:
- 1922 оноос Тусгай салаа,
- 1924 оноос Тусгай суман,
- 1929 оноос штаб, Тусгай дивизион,
- 1936 оноос штаб, тусгай хороо болон өргөжсөн байна.
Энэ үед Дотоодын цэрэг нь хувьсгалын эсрэг хүчинд цохилт өгөх, бослого хөдөлгөөнийг дарж намжаахад оролцох, Нийслэл хүрээний зарим албан газрууд, шорон гянданг манаж хамгаалах, төвөөс алслагдсан зарим аймаг, хошуудад чухал бичиг, харилцааг биечлэн хүргэх, төвд ирүүлэх хүмүүсийг дуудан ирүүлэх зэрэг үүргийг тусгайлан гүйцэтгэж байжээ.
1936 оноос Дотоод явдлын яамны харъяанд
1930 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Бүх цэргийн зөвлөлийн хуралдааны 133 дугаар тоот тушаалд Дотоодыг хамгаалах Тусгай дивизоныг тусгай хороо болгон өөрчлөн зохион байгуулсан байна.
Дотоодыг хамгаалах цэрэгт үүрэг гүйцэтгүүлэхээр бүх цэргийн зөвлөлөөс нийлүүлэн ирүүлэх хүмүүсийг онц нарийвчлан хянаж, улс төрийн талаар гүйцэд итгэмж бүхий цэргийн албанд тэнцэх бие эрүүл шинэ цэргийг татах тухайд дотоодыг хамгаалах газар нь өөрийн бие төлөөлөгчийг явуулж, дайчилгааны комисст оруулдаг байжээ.
Хувьсгалын эсэргүү хөдөлгөөн, зэвсэгт бослогын бүлэглэл энд тэндгүй бий болж, шинэ засаг төвхнөж бүрэн хүч зохион байгуулалтад орж бэхжээгүй, ард нийтээр шашны нөлөөнд хэт гүнзгий автагдсан байдлыг ашиглан зарим нутагт бослого хөдөлгөөн гаргах, хил хялзгаарт ойр нутгийн ард иргэдийг хууран мэхэлж, хил давуулан нүүлгэх, орон нутгийн засаг захиргааны хариуцлагатай ажилтан, сонгуультан идэвхтнүүдийг алах төрийн байгууллага, ардын хоршоо, сургуулиудыг галдан шатаах зэрэг дайсагнасан ажиллагааг таслан зогссох, хатуу ширүүн, амь өрссөн тэмцэл тулаанд өгөгдсөн үүрэг даалгаварыг нэр төртэй биелүүлж ирсэн билээ.
1930-аад оны сүүлийн жилүүдэд Монгол улсын зүүн баруун хил дээр болсон зэвсэгт мөргөлдөөн, олон удаагийн тулгаралт, халх голын байлдаан, 1940-1945 оны түгшүүрт жилүүд, 1945 оны чөлөөлөх дайны түүхэн баримтаас үзэхэд Дотоодын цэргийн гүйцэтгэх үүрэг нь нилээн тодорхой чиг хандлагатай болж бүтэц зохион байгуулалтын хувьд өргөжин бэхжиж байсан байна. Энэ үеэс эхэлж дотоодын цэргийн үндсэн үүргийг хамгаалалтын болон харуулын гэсэн 2 чиглэлд төвлөрүүлэн зохион байгуулж ажиллуулах болсон байна.
Үүний нэг тодорхой баримт нь ардын сайд нарын зөвлөлийн 1945 оны 24 дүгээр тогтоолын дагуу Дотоод явдлын яамны сайдын 1945 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 429 дүгээр тушаалаар олзлогдогсодыг хамгаалах дотоодын цэргийн тусгай хороо байгуулсан явдал юм. Энэ хорооны үүрэг нь дайны уршгаар сүйдсэн улс ардын аж ахйуг сэргээн босгох, бүтээн байгуулалтад олзлогдогсодыг зохион байгуулан ажиллуулах үүргийг нарийн чанд гүйцэтгэж байжээ.
Дотоодыг хамгаалах тусгай хороо нь улс орны дотоодод улсын онц чухал объектын харуул хамгаалалт, байлдааны үүргийг гүйцэтгэж байсны зэрэгцээгээр дотоодыг хамгаалах газар маршал Х.Чойбалсангийн өвлийн байр, орон нутагт ажиллах үеийн харуул хамгаалалт, ЗХУ-аас тус улсад суух элчин сайдын ба худалдааны төлөөлөгчийн албан газрыг өдөр шөнийн 24 цагийн харуулаар хамгаалалтыг зохион байгуулдаг байжээ.
1940-өөд оноос дотоодын цэргийн анги, салбарууд нь улсын онц чухал объектыг хамгаалах байлдааны үүрэг гүйцэтгэх, Дотоодыг хамгаалах газар, маршал Х.Чойбалсангийн өвлийн байр, орон нутагт ажиллах үеийн харуул хамгаалалт, ЗХУ-аас тус улсад суух Элчин сайдын яам, Худалдааны төлөөлөгчийн газрыг хамгаалах, дайны уршгаар сүйдсэн улс ардын аж ахуйг сэргээн босгох, бүтээн байгуулах ажилд дайчилсан японы цэргийн олзлогдогсодыг хянан харгалзах, хуяглан хүргэх,
1950-аад оноос манай оронд албан ёсны айлчлалаар ирж байсан гадаад орнуудын төр, засгийн дээд хэмжээний төлөөлөгчдийн хамгаалалт, Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунхан, Ерөнхий сайдын өвлийн байр, Баянгол дахь зуслан, Их тэнгэр, Бага тэнгэр дэх зочдын байр, хүнсний лаборатори, ДЯЯ-ны хорих байр, Төв склад, Засгийн газрын ба ДЯЯ-ны бензин колонк, Улсын архив, Төв хорих, Цагаан хуарангийн хорих лагерь зэрэг объектуудыг хамгаалж байсан байна.
1959 оноос Нийгмийг аюулаас хамгаалах газрын хилийн ба дотоодын цэргийг удирдах газрын бүрэлдэхүүнд
1950-аад оны үед төр засгийн дээд байгууллагын шугамаар манай оронд албан ёсны ажлын айлчлалаар ирж байсан гадаад орнуудын төр, засгийн төлөөлөгчдийн хамгаалалтыг гүйцэтгэдэг байжээ. 1950-аад оны дунд үеэс улс орны гадаад, дотоод байдал тогтворжиж, харуул хамгаалалтын албыг 3-н чиглэлээр зохион байгуулж явуулдаг байжээ.
А/. Улсын онц чухал объектууд:
Б/. Гарнизоны объектууд:
В/. Гарнизоны хуяглан хамгаалах объект зэрэг объектуудын хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг байжээ.
Дотоодын цэргийг байлдааны ба энхийн бүтээн байгуулалтанд гүйцэтгэсэн үүрэг, улсын онц чухал объектын хамгаалалт, байлдааны ба улс төрийн бэлтгэл, цэргийн сахилга, хүмүүжлээр олсон ололт амжилтуудыг нь өндрөөр үнэлэж, 1932 онд “Цэргийн гавъяаны 1 дүгээр зэргийн одон” 1941 онд ардын хувьсгалын 20 жилийн ой угтсан уралдаанд 1 дүгээр байр эзэлж Хязгаарын ба дотоодын цэргийн ангиудад шилжин явах уралдааны улаан тугийг хүлээн авч 5 жил дараалан түрүүлж, үүрд хадгалагдах туг, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаар тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Дотоодын цэргийн 35 жилийн ойгоор Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарилгаар 1957 оны 7 дугаар сарын 17-нд Д.Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан байна. 1972 онд Дотоодын цэргийн 50 жилийн ойг тохиолдуулан ардын их хурлын тэргүүлэгчдийн зарилгаар одон тэмдэгт, тусгай хороог “Байлдааны гавъяаны улаан туг”-ийн одонгоор шагнажээ.
Сайд нарын зөвлөлийн 1986 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн 239 дүгээр тогтоолоор Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтанд байх албан байгууллагуудыг тодорхойлон заажээ.
Дотоодын цэрэг нь улсын баяр ёслол, томхон хурал зөвөлгөөн зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний үед нийгмийн хэв журам сахиулах албанд үүргийнхээ дагуу цагдан сэргийлэхийн /цагдаагийн/ хүчин дутагдсан нөхцөлд нийгмийн аюупаас хамгаалах яамны шийдвэрээр оролцож байлаа.
Дотоодын цэрэг нь 1980-аад оноос цахилгаан станцууд, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, усан сангууд, алтны уурхай, онцгой болон чанга дэглэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колониудыг хамгаалж байлаа.
1990 оноос хойш цагдаагийн ерөнхий газрын харъяанд
1990 онд нийгмийн аюулаас хамгаалах яамыг татан буулгаж, цагдаагийн ерөнхий газар, биеэ даасан байгууллага болоход дотоодын цэрэг түүний бүрэлдэхүүнд шилжин харуул хамгаалалтын үүргээ урьдын адил гүйцэтгэх болсон байна.
Дотоодын цэрэг нь ЦЕГ-ын явуулж байгаа ажиллагаанд туслалцуулах зорилгоор олон нийтийн хамарсан арга хэмжээ /нийгэм-улс төрийн, соёл олон түмний, биеийн тамир спортын болон бусад/ явагдах үед элдэв төрлийн гоц халдварт өвчин гарсан үед хорио цээрийн дэглэм журмыг сахин хамгаалах, төв суурин газруудад гарсан нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчих үйл ажиллагааг таслан зогсоох ба арилгах, гал түймэр, байгалийн төрөл бүрийн аюулаас улс нийгмийн өмч, нийгмийн хэв журмыг хамгаалах болон бусад ажиллагаануудад тогтоосон журмын дагуу оролцож хамгаалж байгаа үйлдвэрийн болон Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колониудын дэглэм журам сахиулах үүрэгтэй болсон байна.
1990 оноос Дотоодын цэргийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, эрх зүйн шинэчлэл эрчимтэй явагдаж, 1995 онд Дотоодын цэргийн тухай хууль батлагдан гарснаар дотоодын цэргийн үйл ажиллагааны зорилт, үүрэг, эрх зүйн үндэс хуульчлагдсан үйл ажиллагаагаа явуулж байгаад Монгол Улсын Их Хурлаар 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тухай үед дагаж мөрдөгдөж байсан /1995 онд батлагдсан/ “Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль”-г хэлэлцэн баталж, орон тоо, техник хэрэгсэл, төсөв зардал, хэрэгжүүлж байсан чиг үүрэг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс цагдаагийн байгууллагад бүрэн шилжиж, 90 гаруй жилийн түүхтэй Дотоодын цэргийг татан буулгасан байна.
2017 оны 02 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас “Дотоодын цэргийн тухай хууль”-ийг баталж, Дотоодын цэргийн гүйцэтгэх чиг үүрэг, эрх зүйн үндсийг хуульчилж өгсөн. Шинэчлэн баталсан хуулийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хуулиар хүлээлгэсэн үүргийг нэр төртэй биелүүлж байна.