ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААХ ДАВУУ ТАЛ
Сайтын "Хугацаат цэргийн алба хаагч" буланд зочноор Дотоодын цэргийн 805 дугаар ангийн цэргийн ротын хугацаат цэргийн алба хаагч байлдагч А.Мөнх-Эрдэнэ оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Зочин: Баярлалаа танд бас энэ өдрийн мэнд хүргэе.
Хөтлөгч: Юуны түрүүнд өөрийгөө танилцуулна уу
Зочин: Намайг Амарбаясгалангийн Мөнх-Эрдэнэ гэдэг. Би 2022 оны 05 дугаар сард Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс цэргийн албанд татагдаж ирсэн.
Хөтлөгч: Цэргийн жинхэнэ алба хаахын давуу тал юу вэ? Энэ талаар яриагаа эхлүүлье.
Зочин: Цэргийн жинхэнэ алба хааснаараа төлөвшил суудаг, бие бялдарын хувьд чийрэг болдог. Гэр бүлийн үнэ цэнийг цэргийн алба хааж байх хугацаандаа илүү их мэдэрдэг.
Хөтлөгч: Таны хувьд Дотоодын цэргийн байгууллагад алба хааж байна. Дотоодын цэргийн байгууллагад цэргийн алба хаахын давуу тал юу вэ?
Зочин: Дотоодын цэрэгт алба хааснаараа бие хүн болож төлөвшдөг. Хугацаат цэргийн алба хааж байх хугацаандаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах нөхцөл бүрддэг. Миний хувьд Дотоодын цэргийн хамгаалалтын ажилтан бэлтгэх дамжаанд хамрагдаж улсын онц чухал объект хамгаалах дадлага хийж байгаа. Энэ сарын 28-ны өдөр мэргэжил олгох сургалтын төгсөлтийн шалгалт өгөөд цаашлаад цэргээс халагдаад ажлын байраар хангагдах боломжтой болж байгаа юм.
Хөтлөгч: Үе тэнгийн насны залуучууддаа хандаж юу гэж хэлмээр байна.
Зочин: Цэргийн алба хааснаар хүн биеэ дааж, бие болон сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр суудаг. Дотоодын цэргийн байгууллагын хувьд энд цэргийн алба хааснаар цагдаагийн байгууллага болон дотоодын цэргийн байгуулагад ажиллах бүрэн боломжтой. Заавал цагдаагийн сургууль, Батлан хамгаалахын их сургуулийг төгссөн байх шаардлагагүй. Зөвхөн хугацаат цэргийн албыг энд хааж байгаа хугацаандаа ахлагчийн мэргэжил олгох сургалтад сууж ажлын байраар хангагддаг нь манай ангийн давуу тал. Үе тэнгийн залуучууддаа хандаж хэлэхэд иргэний цэргийн үүргээ биелүүлж хугацаат цэргийн албаа хааж өөрийгөө хөгжүүлээрэй гэж хэлмээр байна.
Хөтлөгч: “Хугацаат цэргийн алба хаагч” булангийн зочноор оролцсон танд баярлалаа. Таны цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Удахгүй бидний эгнээнд орж ирээдүйд цэргийн дарга болоорой гэж ерөөе.
Зочин: Баярлалаа танд бас ажлын амжилт хүсье.