Ховд аймаг дахь тусгай салбар
Тус салбар нь 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дотоодын цэргийн даргын 28 тоот тушаалаар Дотоодын цэргийн 812 дугаар тусгай салбар байгуулснаар “Дотоодын цэргийн 828 дугаар тусгай салбар”-ын үндэс суурь нь анх тавигдаж байжээ. Монгол улсын засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалт батлах тухай” 100 тоот тогтоолын дагуу Ховд хотын ус хангамжийн эх үүсвэр, Дөргөний усан цахилгаан станцыг хамгаалалтад авч байсан.
Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаар тушаалаар Дотоодын цэргийн 812 дугаар тусгай салбар татан буугдаж мөн өдрийн 174 тоот тушаалаар Ховд аймгийн цагдаагийн газрын “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг” болгон салбарын нэрийг өөрчилж байсан.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 7 дугаар зүйлийн 7.1-т: “Монгол Улсын төрийн цэргийн байгуулал нь тайван цагт Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэнэ., мөн зүйлийн 7.3-т: “Тайван цагт дотоодын цэрэг нь бие даасан үүрэг гүйцэтгэх бөгөөд бүтэц чиг үүргийг хуулиар тогтооно” гэж тус тус заасныг Төр засгаас хэрэгжүүлж, “Дотоодын цэргийн тухай хууль”-ийг баталж, Дотоодын цэргийн гүйцэтгэх чиг үүрэг, эрх зүйн үндсийг хуульчилж өгсөн билээ. Дээрх хуулийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/493 тоот тушаалаар Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийг Дотоодын цэргийн тусгай салаа, 2020 онд Дотоодын цэргийн тусгай салбар, 2023 онд Дотоодын цэргийн 828 дугаар тусгай салбар болон өөрчлөгдсөн.
Тус салбар нь Дотоодын цэргийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэж, үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд ханган ажиллаж байна.
ДОТООДЫН ЦЭРГИЙН 828 ДУГААР ТУСГАЙ САЛБАР