Баян-Өлгий аймаг дахь тусгай салбар
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 143 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалт”-ын “Цагдаагийн гэрээт хамгаалалтад байх объект” гэсэн хэсэгт “Цагааннуур” чөлөөт бүс гэсэн заалт нэмсэн юм.
Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Гэрээт хэсэг байгуулах, орон тоо батлах тухай” Б/179 дүгээр тушаалаар тус цагдаагийн газрын бүтцэд “Цагааннуур” чөлөөт бүсийн хамгаалалтыг зохион байгуулах үүрэг бүхий олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийг байгуулсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоол, хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны тушаал болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны тушаал, Дотоодын цэргийн командлагчийн тушаал бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан Дотоодын цэрэгт шилжин ажиллах болсон талаар бүх тушаал шийдвэрүүд гарч ОНАБХ /гэрээт/ хэсэг нь Баян–Өлгий аймаг дахь Дотоодын цэргийн “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/ нэрээр байгуулагдсан.
Улмаар Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар тус аймаг дахь Дотоодын цэргийн “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/ нь “Баян-Өлгий аймаг дахь Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбар” болж нэршил нь өөрчлөгдсөн.
“Цагааннуур” тосгон дахь Чөлөөт бүс нь Чөлөөт бүсийн тухай хуульд тусгагдсан татварын хөнгөлөлтүүдэд тулгуурлан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оруулж, олон улсын худалдаа, жижиг, дунд үйлдвэр, аялал жуулчлалыг хөгжүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, улс орны эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ-ын 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор анх байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 412 дугаар тогтоолоор Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлсэн. Цагааннуур чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбар харуул хамгаалалтын болон тогтоосон дэг журам биелүүлэх, нийгмийн хэв журам сахиулах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэн ажиллаж байна.
ДОТООДЫН ЦЭРГИЙН 829 ДҮГЭЭР ТУСГАЙ САЛБАР