809 дүгээр анги
Дотоодын цэргийн даргын 2002 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар Дотоодын цэргийн тусгай бэлтгэлтэй бүлэг байгуулж тус бүлэг нь Улсын онц чухал объектуудыг хүч нэмэгдүүлэн хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцох болон хуулиар хүлээсэн бусад чиг үүрэг, тусгай үүрэг даалгаврыг гүйцэтгэх зориулалттайгаар анх байгуулагдан тус салбарын анхны үндэс суурь тавигдсан билээ.
Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарыг Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар 2006 онд “Терроризмтой тэмцэх, гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, барьцаанд авагдсан хүн, тээврийн хэрэгсэл, объект чөлөөлөх, тэсэрч дэлбэрэх бодисыг илрүүлэх, аюулгүй болгох, их хэмжээний мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийг тээврийн замд харгалзан хүргэх, онцгой нөхцөлд даалгасан тусгай үүрэг, даалгаврыг биелүүлэх, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед цагдаагийн байгууллагад хүчний дэмжлэг үзүүлэх” зэрэг тактикийн тусгай үүргүүдийг гүйцэтгэх чиг үүрэгтэйгээр анх байгуулагдсан.
Тус салбарыг 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон татан буулгаж, бүтэц, орон тоог Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын газрын Шуурхай зориулалтын хэлтэс болгон бүтцийн өөрчлөлт орсон ч дахин 2014 оны 10 дугаар сараас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл бүтэц, орон тоог Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газартай нэгтгэсэн.
Дотоодын цэргийн командлагчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар Террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох, барьцаанд авагдсан хүн, тээврийн хэрэгсэл, объектыг чөлөөлөх, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль экологийн тэнцвэрт байдалд шууд хохирол учруулах эрсдэлтэй болон цагдаагийн байгууллагаас үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд Дотоодын цэргийн командлагчийн шийдвэрээр дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэйгээр Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарыг дахин шинээр байгуулсан.
Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар Дотоодын цэргийн байгууллагын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталсан юм.
ДОТООДЫН ЦЭРГИЙН 809 ДҮГЭЭР ТУСГАЙ САЛБАР